Н.Цэрэнбат 2019.05.23 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Олон улсад Монгол Улсыг сурталчлах цахим платформын сургалт боллоо

Олон улсад Монгол Улсыг сурталчлах цахим платформын сургалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам олон улсын “Камелеон стратежис” компанитай хамтран “Mongolia.travel” аялал жуулчлалын цахим платформын сургалтыг зохион байгууллаа. БОАЖЯам нь аялал жуулчлалын салбарт шинэ тутам нэвтэрч байгаа шинэлэг технологийг ашиглах, дэлхий нийтийн чиг хандлагатай зэрэгцэн хөгжихөд анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд аялал жуулчлалын цахим платформыг бий болгоод байгаа юм.

Тус платформ нь аялал жуулчлалын салбарын тоглогч талууд нэгдэн бүх нийтийг хамруулсан, нутгийн иргэдэд түшиглэсэн, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нээх учиртай юм. Энэхүү сургалтаар аялагч, жуулчид өөрсдийн аяллын талаар мэдээлэхдээ нийгмийн цахим сүлжээг хэрхэн ашигладаг талаар, аялал жуулчлалын байгууллага үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцаж, тэрхүү мэдээллийн нэг хэсэг болох талаар, Mongolia.travel цахим платформыг хэрхэн ашиглах, сурталчилгаагаа өргөжүүлэх талаар мэдээлэл өглөө.

Арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус платформын ач холбогдлын талаар хэлэхдээ

“Өмнө нь аялал жуулчлалын сурталчилгааны вэбсайтууд сэтгүүл хэлбэртэй, улсынхаа гадаад сурталчилгааны зургууд болон мэдээ, мэдээллийг байршуулдаг хязгаарлагдмал контенттой байсан бол хиймэл оюун ухаан бүхий энэхүү платформыг ашигласнаар иргэд болгон контент бүтээгч болох боломжтой болж байгаа юм. Мөн гадаадын иргэн ямар нэгэн байдлаар Монгол Улсад аялаад аяллынхаа талаар эерэг сэтгэгдэл нийгмийн сүлжээнд үлдээсэн тохиолдолд тухайн сэтгэгдлүүдийг аваад үндсэн платформ дээрээ татах жуулчин дамжсан сурталчилгааг хийх боломжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, жуулчид контентод хязгаарлагдахгүйгээр тухайн очих гэж буй газрынхаа зураг, мэдээллийг бусад жуулчдын Монголын талаар бичсэн сэтгэгдлийн хамт харах боломжтой гэсэн үг юм. Ингэснээр илүү өргөн цар хүрээнд том агуулгаар хүнээс хүнд хүрсэн сурталчилгаа хийх боломжтой болж байгаагаараа онцлог ач холбогдолтой” гэсэн юм.

Түүнчлэн энэ сурталчилгааг аль зах зээлд яаж хийх, зөвхөн Монгол гэдэг платформоос гадна олон улсын нэгдсэн төсөл буюу “Торгоны зам”, “Цайны зам”, “Их Түмэн гол санаачилга”, Төв Азийн орнууд гэх утгаараа Монгол Улс илүү олон чиглэлээр сурталчилгаагаа хийх боломжийг бүрдүүлсэн ухаалаг онлайн платформ болж байгааг тэрээр онцлоод “Энэхүү платформын давуу тал нь зөвхөн Монгол Улс гэж гадагшаа сурталчлах биш Монгол Улсын нэгдсэн вэбсайт, платформ дотор хувийн хэвшлүүд түлхүү өөрсдийнхөө мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах замаар ашгаа нэмэгдүүлэх боломж нээгдэнэ” гэдгийг тэмдэглэн хэллээ.