Б.Бат-Эрдэнэ 2019.05.24 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Гадаадын хөрөнгө оруулагчид шууд хөрөнгө оруулах биш өндөр хүүтэй зээл өгөхийг дэмжсэн байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"ААН-ийн орлогын албан татварын хуультай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагч компаниуд шууд хөрөнгө оруулах биш өндөр хүүтэй зээл нийлүүлж хүүг хүүлэх байдлыг хуулиар дэмжиж 5 хувийн татвартай болгосон. 5 жилийн өмнө л энэ асөуудлыг бид эсэргүүцдэг байсан. Тухайн үед Оюутолгойн гэрээ буруу явлаа гэдгийг хэлж байсан.

34%-ийн тухайд УИХ-аас тогтоол гаргахдаа татвар, ногдол ашгийг урьдчилж тооцож авах шийдвэр гаргасан. Тухайн үед их мөнгө аваад л байсан. Гэтэл тэр нь асар их өндөр хүүтэй мөнгө байсан. Үндэстэн дамнасан корпорациуд ийм байдлаар тухайн улсыг дахин өндийхгүй болтол өндөр хүүтэй зээл өгч ашгаас татвар төлдөггүй байдал олон бий.

Өмнө нь ч АНУ-ын компани ийм байдлаар хандсан. Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг ажиллаад дүгнэлт гаргасан. Ерөнхийлөгчийн хоригт хэлсэн зүйлс шалгалтаар харагдсан. Одоо дүгнэлтийг байнгын хороод хэлэлцэх, арга хэмжээ авах ёстой."