С.Бямбацогт 2019.05.24 | Vip76.mn

С.Бямбацогт: Монгол Улсад бодлогын 500 гаруй баримт бичиг байсны 300 гаруй нь хүчингүй болсон

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар 2018 оны 03 сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Бид энэ асуулгыг тавиад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үндсэндээ асуулгын ач холбогдол нилээд өнгөрсөн, Сангийн сайдын танилцуулж байгаа хариулт ч ерөнхийлсөн байдалтай байна. Тиймээс би асуулгаа дахин асууя.

2014 онд Монгол Улс урт хугацааны хөгжлийн хамгийн том баримт бичиг болох "Тогтвортой хөгжлийн зорилт 2030" бодлогын баримт бичгийг баталсан. Баталсантай холбоотойгоор Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн. Төсөв, үндсэн чиглэл зэрэг дунд хугацааны баримт бичигтэй уялдуул гэсэн. Энэ үүрэг биелэж байна уу?

Үндэсний хэмжээний болон салбар дундын бодлогын баримт бичгүүд энэ урт хугацааны баримт бичигтэй нийцэж байгаа эсэхийг хянаж, шинэчлэн боловсруулах үүрэг өгсөн. Нийт бодлогын 500 гаруй баримт бичиг байснаас 300 гаруй нь хүчингүй болсон.

Тогтвортой хөгжлийн зорилтын баримт бичгийн хэрэгжилтийг байнга хянаж, үнэлгээ хийх бүтэц тогтолцоог бий болго гэсэн үүрэг өгсөн. Энэ хэрэгжиж байна уу? Засгийн газарт өгсөн эдгээр үүргийн хэрэгжилтийг шалгах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Энэ хэр хэрэгжиж байна вэ?

Учир нь сүүлийн үед эдгээр ажлууд хийгдэхгүй байгаа учраас төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Тиймээс УИХ-ын хэсэг гишүүд энэхүү асуулгыг тавьсан юм."