Н.Цэрэнбат 2019.05.24 | Яамны хэвлэл мэдээллийн алба

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат усны салбарын эрдэмтэд, салбарын төлөөллүүдтэй уулзлаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат усны салбарын эрдэмтэд, салбарын төлөөллүүдтэй уулзлаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр усны салбарын эрдэмтэд, мэргэжлийн байгууллага болон холбоодын төлөөллүүдтэй уулзаж “Усны салбарын өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал”-ын талаар санал солилцлоо.

Тэрээр хэлсэн үгэндээ, Байгаль орчны багц хуулийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах хүрээнд Усны тухай хууль болон устай холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан тухай мөн усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Усны газар (агентлаг)-ыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд сэргээн байгуулахаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-т хүргүүлэхэд бэлэн болсон талаар дурдлаа.

Мөн Орхон-Онги, Онон-Улз, Хэрлэн зэрэг томоохон төслүүдийн судалгааны ажлыг эрчимжүүлэх ТЭЗҮ-г боловсруулах шаардлагатай байгааг онцолсон юм. Сайд Н.Цэрэнбат энэ сарын 12-17-ны өдрүүдэд Франц улсад ажиллахдаа “ICOLD” буюу олон улсын томоохон боомтуудын комиссын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, Монгол Улсыг тус хороонд элсүүлэх талаар санал солилцож, усны барилга байгууламжийн томоохон төслүүдийн судалгааны ажлыг хамтран хийж, эхлүүлэхээр ярилцсан байна.

Усны салбарт мэргэжлийн боловсон хүчин сургаж бэлтгэх, мэргэшлийн сургалт явуулж, “Зөвлөх инженер” болон “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгоход их дээд сургууль, усны мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах ёстойг анхаарууллаа.