Л.Мөнхбаатар 2019.05.24 | Vip76.mn

Л.Мөнхбаатар: УИХ-ын үйл ажиллагааг ажил хэрэгч болгох 20 гаруй зарчмуудыг тусгасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийн талаар иргэдийн дунд буруу ойлголтыг өгөөд байна. Гишүүн чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ индэрт гарч үг хэлнэ, босож үг хэлнэ гэх мэт зохицуулалтыг тусгасан онцын ач холбогдолгүй хууль гэж олон нийтэд ойлгогдоод байна.

Уг нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 20 гаруй зарчмуудыг тусгаж, байнгын хороо, УИХ-ын үйл ажиллагааг ажил хэрэгч болгох ийм зохицуулалтууд орсон. Хуулийн төсөл дээр бусад улс орны туршлагыг судлан эрдэмтэн, судлаачид нэлээн сайн ажилласан. Индэрт гарч үг хэлнэ гэсэн заалтыг нь анхны хэлэлцүүлгийн үеэр засах боломжтой.

Хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон чухал заалтуудын нэг болох тухайн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хороогоор биш  нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцдэг байхаар оруулж ирсэн. 

Одоо бол байнгын хорооны 10 гаруй гишүүн тухайн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийддэг  нь учир дутагдалтай гэж үзсэн. Мөн хуулийг зүйл, заалт тус бүрээр нь хэлэлцдэг байх саналыг тусгасан. Ингэснээр чанартай хууль гарах болно.