Б.Бат-Эрдэнэ 2019.05.24 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Хууль өөрчлөхөөс илүү гишүүдийн ухамсартай нь "ярих" шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачилсан бөгөөд олон улсын жишигт нийцүүлсэн нилээд хэдэн өөрчлөлтийг УИХ-ын дэгт оруулахаар боловсруулсан юм. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ санал хэллээ.

Би хэвлэлээр явж байгаа мэдээлэлтэй л байна. Тэгэхээр гишүүдийн үг хэлэх эрх нь хязгаарлагдаж байгаа юм байна. Х.Нямбаатар гишүүний танилцуулгаас харахад нилээн хэдэн өөрчлөлт орж байгаа юм байна.  Ер нь энэ бол хүний л асуудал шүү дээ. Бид өмнө нь хуульд өөрчлөлт оруулаад хичнээн тэрбум төгрөгөөр кнопоо сольсон. Тэглээ гээд өнөөдөр ирц, хариуцлага сайжирсан зүйл алга. Тэгэхээр энэ бол хүний л тухай асуудал байгаа юм. Энд бизнес, уул уурхай гээд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс суучихсан байгаатай энэ холбоотой. Тэгэхээр хууль өөрчлөхөөс илүү хүмүүсийнхээ ухамсрын хэрхэн сайжруулах вэ гэдгийг л сайжруулах хэрэгтэй.