Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Архангай аймагт ажиллав
2019.05.27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Архангай аймагт ажиллав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Архангай аймагт ажиллалаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн нээлтэд оролцож, аймгийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа.

Хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн МСҮТ-д 400 сая төгрөгийн санхүүжилт хийж, мэргэжлийн дөрвөн ангийн тоног төхөөрөмжийг сайжруулаад байна. “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн МСҮТ-д цаашид 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

2018-2019 оны хичээлийн жилд Архангай аймгийн МСҮТ нь 4 салбарт 18 мэргэжлээр 420 суралцагч элсүүлэн суралцуулж, суралцагч бүрт сар бүр 100 мянган төгрөгийн урамшууллыг олгож байна. 2016 оноос хойш тус МСҮТ улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, өөрийн нөөц боломжоор 12 ангийн тоног төхөөрөмжөө шинэчилжээ.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгой анхаарч, тулгамдаж байсан олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн  арга хэмжээг авч байгаа юм. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын зорилтод иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тусгасан байдаг. Эдийн засгийн тулгуур салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг дөрвөн аймагт хэрэгжүүлж эхлээд байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг Архангай аймгаас эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бэхжүүлж тогтвор суурьшилтай ажиллуулах, багш ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачааллыг судалж, цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэн, нэмэгдэл урамшууллын тогтолцоог сайжруулах замаар цалин орлогыг нэмэгдүүлж нийгмийн баталгааг хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийж эхэлсэн талаар сайд С.Чинзориг МСҮТ-ийн багш нартай уулзахдаа дурдаад, Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд гурван ангийн тоног төхөөрөмж, нэг ангийн үйлдвэрлэлийн дадлагын байрыг шинээр барихаар шийдвэрлэснийг хэлж, шинэ автобус өгөхөөр боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг аймгийн ХХҮГ, ГБХЗХГ, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн байна.