Багшийн хөгжлийн академи-2019 арга хэмжээнд нийслэл,  дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдлаа
2019.05.27

Багшийн хөгжлийн академи-2019 арга хэмжээнд нийслэл, дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдлаа

УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын Залуу Багш Нарын Холбооноос “Багшийн хөгжлийн академи”-ийг  Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Нийслэл,  дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдлаа.

Уг үйл ажиллагаа нь Нийслэлийн Цэцэрлэг, ЕБС, Их, Дээд сургуулийн багш нарыг нэгэн дор цуглуулж мэдлэг туршлагаа солилцож, орчин үеийн боловсролын чиг хандлагыг түгээж мэдлэгээ хуваалцах илүү тэлэх боломж олгосон хөгжлийн цогц арга хэмжээ юм.

МЗБНХ-ноос “Багш Хөгжлийн Академи”-ийг зөвхөн нийслэл төдийгүй  21 аймаг, 9 дүүргийн залуу багш нарыг хамруулан, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Монголын Залуу багш нарын холбоо /YES!Mongolia/ нь Олон Улсын Багш нарын холбоо /NAFSA/-ны жинхэнэ гишүүн бөгөөд Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага болох Дэлхийн Боловсролын зөвлөлийн гишүүний статустай ажиллаж байна. Тус холбоо нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй ба 25000 гаруй гишүүд дэмжигчтэй үндэсний хэмжээний Төрийн бус байгууллага юм.

Холбооны эрхэм зорилго нь залуу багш нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэмд багш мэргэжлийг сурталчлах, багш нарын идэвх оролцооны тусламжтайгаар нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх, багшийн нийгмийн болон хөгжлийн асуудлыг төр, олон нийтийн анхааралд хүргэж, шийдлийн гарцыг эрэлхийлж, шат дараатайгаар шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцоход оршдог.

\