Л.Оюун-Эрдэнэ 2019.05.28 | Vip76.mn

Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүлэв

Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүлэв

Хөгжлийн банкны ажлыг Засгийн газраас ажлын баг гарган шалгасан. Тус ажлын баг авсан зээлээ төлөөгүй байгаа есөн ААН-ийг илрүүлжээ. Ажлын багийн нэгдсэн дүгнэлтийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав.

Тус ажлын багт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллага багтсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд авах арга хэмжээний тухай Засгийн газрын 169 дүгээр тогтоол гарсныг ажлын багийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. Илэрсэн зөрчлийн нэгдсэн дүгнэлт, хууль зөрчсөн байж болзошгүй бүх ААН, иргэнд холбогдох материалыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад өнөөдөр шилжүүлж буйгаа тэрээр мэдэгдсэн юм.

Хөгжлийн банк зориулалтын бусаар зорилтот бус зээлдэгчдэд их хэмжээний зээл олгосон цөөнгүй зөрчилтэй байна. Тус банкны эх үүсвэр нь 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наяд төгрөгийг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгосон байна. Энэ дагуу улсын төсвөөс гарсан бондын зарцуулалтын төслүүдийг сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулав. “Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК, “МАК цемент” ХХК зэрэг нэр бүхий 9 аж ахуйн нэгж авсан их хэмжээний зээлээ эргэж төлөөгүй байгааг шалгалтын үеэр тогтоожээ.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчилд,

  • Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон,
  • Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг нь сунгасан,
  • Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн
  • ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан,
  • 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдалуудыг хүлээсэн,
  • Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй зэргийг шалгалтын дүгнэлт, материалд дурдсан байна.