Н.Амарзаяа 2019.05.29 | Үндэсний Шуудан

Н.Амарзаяа: УИХ хөгжлийн бодлогоос илүүтэй хүний асуудал хэлэлцдэг боллоо

Н.Амарзаяа: УИХ хөгжлийн бодлогоос илүүтэй хүний асуудал хэлэлцдэг боллоо

Үндэсний шуудан сонин, Б.Цэнд-Аюуш

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх дэгийн төслийг чуулганаар дэмжлээ. Хуулийн төсөлд үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар дэгээр хэлэлцэхээр тусгасан бэ?

-Үндсэн хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг үе үеийн улс төрчид хэлж байгаа. Энэ удаагийн парламент ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн үндсэндээ гурав дахь жилдээ ажиллаж байна. Ерөнхийдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө боловсруулж дууссан.

Тиймээс УИХ-ын гишүүн Я.Содбаатар гишүүнтэй хамтран Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх дэгийг нарийвчлан тусгасан хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэхүү УИХын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг төсөл нь зөвхөн Үндсэн хуулийн төслийг УИХ-аар хэрхэн хэлэлцэхийг нарийвчлан зохицуулснаараа онцлогтой. Ингэхдээ хэд хэдэн зүйлийг тусгайлан авч үзсэн. Тухайлбал, ирцийн босгыг өндөрсгөж, Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй ирцтэйгээр Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан. Мөн Байнгын хорооны гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь дэмжсэнээр төслийг дэмжигдсэнд тооцно.

Одоо ердийн хуулийн төслийг Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаанд оролцвол, тэдний олонх нь буюу зургаа нь дэмжсэнээр төсөл дэмжигдэж байгаа юм. Харин Үндсэн хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэхэд багаар бодоход 15 гишүүн хуралд оролцож, 15 гишүүн нь дэмжсэнээр төсөл дэмжигдсэнд тооцох юм. Үүнээс гадна Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа найман минутаас илүүгүй, нэмэлт асуулт хоёр минут хүртэл, асуултад хариулах хугацаа мөн адил найман минут хүртэл, нэмэлт тайлбар хоёр минутаас илүүгүй байна. Харин гишүүний үг хэлэх хугацаа 10 минут хүртэл, Байнгын хороо, нам эвслийн бүлэг санал дүгнэлтээ танилцуулах хугацааг 20 минутаас илүүгүй байхаар тусгасан. Ерөнхийдөө гишүүний үг хэлэх, асуулт асуух, хариулах хугацааг хоёр дахин нэмсэн гэхэд болно. 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэдэн хэлэлцүүлэг явуулах вэ. Мөн аль Байнгын хороо хариуцаж, хэлэлцүүлэгт бэлтгэх вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, нэгдсэн хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Хуулийн төслийг нийт гурван хэлэлцүүлгээр хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хороо эхний хэлэлцүүлэг буюу төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхдээ хууль санаачилагчийн илтгэлийг сонсоно. Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйнх нь саналаар уг төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар санал дүгнэлт гаргах юм. Улмаар нэг дэх хэлэлцүүлгийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар хийж, дэмжвэл хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ. Ингээд хоёр, гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах эсэхээ шийдвэрлэх юм. Үүнээс гадна онцлох хэдэн зүйл бий.

-Тодруулбал?

-Хэлэлцүүлгийн үеэр хоёр удаа нийт гишүүний дөрөвний гурвынх нь дэмжлэгийг авсан саналыг дэмжигдсэнд тооцно гэж үзэж байгаа. Мөн чуулганы хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг хийхдээ Байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа зөвхөн Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуудлыг л хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын байнгын хороо бүх санал, томъёоллыг нэгтгэж эцсийн хэлэлцүүлэгт оруулах юм. Эцсийн хэлэлцүүлэгт, нам, эвсэл гишүүдийн саналыг авахгүй гэсэн үг.

-Ард нийтийн санал асуулга явуулах зохицуулалтыг тусгаж байгаа гэсэн. Энэ санал асуулгыг хэрхэн явуулах вэ?

-Энэ хуулийн төслийн нэг онцлох зохицуулалт нь ард нийтийн санал асуулга явуулах юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх асуудлыг хуульчилж байна гэсэн үг. Хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэж шийдвэл, ард иргэдээс санал асуулга авна. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг боловсруулж батлуулах юм.

Ард нийтийн санал асуулгын дүнг УИХ-д танилцуулахдаа нэгдсэн хуралдаанаар дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын илтгэл сонсоно. Хэрвээ санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг зөвшөөрсөн бол Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанд тооцож, УИХ-ын дарга зүйл заалт бүрээр нь уншиж, сонсгосноор хүчин төгөлдөр болно. Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуулийг хүчин төгөлдөр болсонд тооцсоноос хойш ажлын хоёр өдрийн дотор УИХ-ын дарга Ерөнхийлөгчид танилцуулахаар тусгасан.

-Хэрвээ ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж үзвэл зөвхөн УИХ-аар хэлэлцэж батална гэсэн үг үү?

-УИХ-аар хэлэлцүүлгээ хийнэ. Өмнө нь бид ард иргэдийн саналыг авч, нэгтгэн хуулийн төсөлд тусгасан. Бид 2017 онд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүгээр 328 мянга орчим иргэнээс таван сая 500 мянга гаруй санал авч, нэгтгэсэн. Улмаар ажлын хэсгийнхэн олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, төслийн хэрэгцээ шаардлагын судалгаа, зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж, эрдэмтэн, судлаачдын дүгнэлт зэрэгт үндэслэн үндсэн зургаан чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан.

Тухайлбал, УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох, Цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг дээшлүүлэх гэсэн чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа.

-Уг нь үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүү дээ. Энэ хуулийн төсөлд үндсэн хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх нарийн дэг заагаагүй юм уу?

-Энэ хуульд заагаагүй хэрнээ зайлшгүй байх ёстой заалтуудыг дэгийн хуулийн төсөлд оруулж өгсөн. Бусдаар бол энэ хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Үндсэндээ журамд байхгүй зохицуулалтуудыг оруулж байгаагаараа дэгийн хуулийн төсөл онцлогтой гэсэн үг.

-Дэгийн хуулийн төслийг УИХ-аар баталчих байх. харин үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн барих вэ. Та ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд бодитой мэдээлэл өгөх байх?

-Ажлын хэсэг зургаан чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулсан. Миний бие орон нутагтай холбоотой өөрчлөлтийг хариуцсан ажлын хэсэгт ажиллаж байгаа. Орон нутагт намчирхлыг арилгах, баг, сум, аймаг, нийслэлийн Засаг даргыг хэн сонгох зэргийг заасан өөрчлөлтүүд орсон. Ер нь, дэд ажлын хэсгүүд ажлаа дүгнээд төв ажлын хэсэгт тайлан мэдээллээ өгчихсөн.

-Төслөө хэзээ өргөн барих юм бол. Энэ удаагийн парламент үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж амжих болов уу. Үндсэндээ хуулийн төслийг хэлэлцэх нэг л чуулганы хугацаа үлдсэн шүү дээ?

-Дэгийн хуулийн өөрчлөлтийг баталсны дараа санал дүгнэлтээ нэгтгэж, УИХ-д өргөн барих байх. Одоо шууд өргөн барихаар УИХаар хэлэлцэх дэг нь байхгүй учраас болохгүй. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлбэл хажуугаар нь өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй. Тэгэхээр хаврын чуулганы төгсгөлд өргөн барьж, намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх болов уу.

-Үндсэн хуулийг өөрчлөхөд бусад улс төрийн намууд их шүүмжлэлтэй хандаж байна лээ?

-Шүүмжлэл байгаа. МАН үнэмлэхүй олуулаа байхдаа Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна гэх мэтчилэн шүүмжлэлүүд гарч л байна. Гэхдээ аль нэг нам нь олуулаа байхдаа Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол эвсэж өөрчлөх боломжгүйг өмнөх жилүүд харуулсан шүү дээ.

-Таны санаачилсан хуулийн төслөөс гадна УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, үзэл баримтлалыг дэмжлээ. Энэ хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх боломж байгаа юу?

-Энэ хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцээд олонх нь УИХ-аар хэлэлцэхийг дэмжээгүй. Харин чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Хоёр хуулийн төслийг нэгтгэж, хэлэлцэх боломжгүй гэж үзсэн.

Яагаад гэвэл, УИХ-ын гишүүн Я.Содбаатар бид хоёрын санаачилсан хуулийн төсөл зөвхөн Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх дэгийг тусгайлан зохицуулж байгаа. Харин Х.Нямбаатар гишүүний санаачилсан хуулийн төсөл дэгийн хуулийн 49 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулах юм билээ. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн олон асуудал яригдах болно.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын санаачилсан хуулийн төсөлд гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна лээ. Таны хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Бид өнгөрсөн жил Чуулганы хуралдааны дэгийн хуульд том өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтөөр гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, санал өгдөг болсон. Харин энэ жил дэгийн хуульд хоёр удаа өөрчлөлт хийхээр хуулийн төсөл орж ирлээ. Миний үзэж байгаагаар нэг парламент дөрвөн жилийн хугацаанд дэгийн хуулийг 3-4 өөрчлөх шаардлагагүй болов уу.

Тэр дундаа УИХ-ын гишүүд босч үг хэлэх, үг хэлэхдээ урьдчилж мэдэгдэх зэргээр өөрчилмөөргүй байна. Тиймээс би хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа процесстой уялдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, баасан гарагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудаа баталдаг. Даваа гарагт нь бүлгийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг оруулж, санал дүгнэлтээ ярилцдаг юм. Үндсэндээ гишүүд даваа гарагт л тухайн долоо хоногтоо мэдээллээ авдаг гэсэн үг.

Гэтэл энэ хуулийн төслөөр хуулийн төслийн талаар үг хэлэх бол долоо хоногийн өмнө урьдчилж мэдэгдэнэ гэсэн. Тэгэхээр мэдээллийн хувьд учир дутагдалтай. Хоёрдугаарт, орон нутаг, гадаадад томилолттой ажилладаг гишүүн олон бий. Гишүүд томилолттой байх хугацаандаа үг хэлэхээ мэдэгдэж чадаагүй бол яах вэ гээд л асуудлууд гарна. Мөн хуулийн төсөлд Байнгын хорооны даргыг ингэж, тэгж томилно, УИХ-ын дэд даргыг ингэж, тэгж чөлөөлнө гэх мэт зохицуулалт байна лээ. Үүнийг гишүүд УИХ-ын дэд дарга, Байнгын хороодын дарга нарыг чөлөөлөх гэсэн байж магадгүй ч гэж үзэж байгаа. Ийм байхыг үгүйсгэхгүй.

Өмнө нь УИХ-ын даргыг огцруулахад тусгайлан хууль боловсруулан баталж, ажлаас нь чөлөөлсөн шүү дээ. Ер нь, УИХ-аар улс орны хөгжлийн бодлого, хөгжлийг чиглүүлэх хууль эрх зүйг сайжруулах гэхээс илүүтэй хүнтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг боллоо. Хөгжлийн бодлого үнэхээр сайн байсан бол асуудал дагуулахгүй. Хөгжлийн бодлогын суурь байх ёстой Татварын багц хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үнэхээр л сайн байсан бол Ерөнхийлөгч хориг тавихгүй шүү дээ.

-УИХ-аар татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй. Таныг хоригийг дэмжиж байсан гэж ойлгож болох уу?

-Хөгжлийн гол үндсэн хуулийн нэг нь Татварын багц хууль. Үүнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль дагалдуулж оруулж ирсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг оруулж ирэх ёстой байсан. Бид чуулганы хуралдаанаар хууль санаачилагчид буцааж байсан юм.

Харин хуулийн төслийг дахиж оруулж ирэхдээ зүйл заалтыг нь дорвитой өөрчлөөгүй байсан. Зарим заалтын хувь хэмжээг нь өөрчлөх, найруулга, утга агуулгын багахан өөрчлөлт хийсэн байна лээ. Тухайн үед би гишүүдийг доромжилж байгаа юм шиг гэж дургүйцлээ илэрхийлж байсан. Тэгээд яалт ч үгүй ээлжит бус чуулганаар зөвхөн Татварын багц хуулийг өөрчлөх ёстой гээд л хэлэлцэж, баталсан. Дараа нь хүний л асуудал ярьсан шүү дээ.

-Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа УИХ-ыг тарахыг санал болголоо. Та УИХ тарах үндэслэлтэй гэж харж байгаа юу?

-Ерөнхийлөгчийн байр суурийг зарим талаар зөв гэж харж байгаа. Өмнөө тавьсан зорилтоо биелүүлж байна уу, гишүүдийн ёс зүй хэр байна вэ, ЖДҮХС-тай холбоотой асуудал юу болов гэхчилэн авч үзвэл эрх зүйн чадамжийн хувьд учир дутагдалтай. Шүүмжлэлтэй хандахаас өөр арга байхгүй.