Болорчулуун.Х Оюунчимэг.М 2019.05.28 | Montsame.mn

Туул голын ойр орчимд олгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл сонслоо

Туул голын ойр орчимд олгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл сонслоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар, Туул голын ойр орчимд олгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг сонслоо.

Хуралдааны эхэнд гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг, нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын 220 мянган айлын нүхэн жорлонг жилд нэг удаа төрөөс ариутгах, нийслэл дундуур урсдаг голыг цэвэрлэх, нөхөн сэргээхийг байнгын хорооны тогтоолын төсөлд тусгах шаардлагатай гэж байв. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат, чулууны ширхэглэлийн стандартыг "MNC 67 13. 2008" гэж нэмж оруулах санал гаргасан. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн 71.4 хувь дэмжсэн. Тодруулбал, “төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлөвлөлт дүгнэлтийг үндэслэн шинээр тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг судлан шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулах гэсэн санал гаргасан юм. 

Ингээд гишүүдээс гаргасан саналуудыг Байнгын хорооны тогтоолын төсөлд нэмж тусган, батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжив.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” уг тогтоолын төсөлд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан талаар танилцуулахаар боловсруулжээ.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт уулын дайрганаас хайрга гарган авах боломжийг судлан шийдвэрлэх, нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэх маршрут, цагийн хязгаарлалтыг тогтоохыг тусгасан байна. Түүнчлэн, хууль бус олборлолт, тээвэрлэлтийг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцдог байхаар зохицуулжээ.