2019.05.29

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал дундаа ашиглаж байгаа төсөл дээр бид хяналтаа тавьж байх ёстой

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.29/ хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Оюутолгой төсөл манай улсын том нөөц. ТЭЗҮ-ийг хамгийн эхэнд гаргаж ирэх ёстой. ТЭЗҮ  жил бүр нэмэгдэж байгаад Уул уурхайн яам хяналт тавьж байна уу? ТЭЗҮ дүн яагаад өөрчлөгдөөд байна вэ гэдгийг тодруулъя.

Хоёрдугаарт 2013 оны гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт 6.3  тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнд хяналт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх юм. Хоёр тал дундаа ашиглаж байгаа  төсөл дээр хяналт тавьж чадахгүй юм бол энэ төсөл цааш нь авч явна гэхэд утгагүй.

2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орж магадгүй гэж дүгнэлтэд тусгагдсан байна. Уг нь бид 2039 оноос эхлэн ашгаа хүртэнэ гэсэн ойлголттой байгаа. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд яг энэ хэмжээний хяналтаа бид тавьж байх ёстой. Энэ талаар мэдээлэл өгөөч. Гэрээнд ямар заалтуудыг оруулах боломж бидэнд байгаа юм бэ?