Ц.Гарамжав 2019.05.29 | Vip76.mn

Ц.Гарамжав: Оюутолгойн гэрээ бол үндэсний эрх ашгаас урваж хийсэн гэрээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.29/ хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Оюутолгой бол Монголын эдийн засгийг өргөх маш том орд. Гэтэл ийм том ордыг, Монгол улсыг хөгжлийн зам дээр гаргах энэ том  төсөл дээр хэн ийм ашиггүй гэрээ хийсэн бэ гэхээр албан тушаалтанууд, тухайн үед улс төрд байсан удирдлагууд юм. Оюутолгойн гэрээ бол үндэсний эрх ашгаасаа урваж хийсэн гэрээ.

Цааш цаашдын томоохон ордууд дээр энэ алдааг давтахгүй байх нь чухал. Өнөөдөр Тавантолгойн гэрээ, хувьцаа гаргах асуудалууд яригдаж байна. Энэ дээр ийм алдаа дахин бүү давтаарай.

ТЭЗҮ гэдэг бол ямар ч эдийн засгийн суурь, бараг батлагдсан хууль эрх зүйн үндэслэл гэж хэлж болно. ТЭЗҮ ямар тохиолдолд нэмэгддэг вэ гэхээр нөөц чинь нэмэгдсэн бол нэмэгдэнэ. Анх хөрөнгө оруулалт бол 4,4 тэрбум байсан дараа нь 7,7 болсон дараа нь 11,1 болтол өссөн энэ хооронд ямар нарийвчилсан хайгуул хийж хэдэн сая тоннын  зэсийн нөөцийг уул уурхай эрдэс баялагын яам хүлээж авчихаад энэ ТЭЗҮ-нд өөрчлөлт оруулчихаад байгаа юм бэ?