Улаан.Ч 2019.05.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.29) хуралдаан 12 цаг 08 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь -III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. 


Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор  “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцож холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулсан.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого хамтын ажиллагааны 2018 оны хэлэлцээний үеэр төслийн III дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцоод байна гэж Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан. 

Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.