Ч.Улаан 2019.05.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.29) хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын  хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7.0 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна. Зээлийн хүү жилийн 2 хувь, зээлийн хугацааг 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэж Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан. 

Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.