Б.Баярсайхан 2019.05.30 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Гэр бүлийн тогтворгүй байдал, эцэг, эхийн сул хяналт нь хүүхдүүдэд эрсдэлт байдлыг үүсгэдэг

Гэр бүлийн тогтворгүй байдал, эцэг, эхийн сул хяналт нь хүүхдүүдэд эрсдэлт байдлыг үүсгэдэг

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 21 гишүүн, Б.Баттөмөр нарын 22 гишүүн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсний дагуу УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол 2018 онд нийт 1670 хүчирхийллийн хохирогч үйлчлүүлсний 81,9 хувь буюу 1369  нь 0-18 хүртэлх насны хүүхэд байсныг мэдээллэсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, түүнээс 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан байна гэлээ.

Ерөнхий хяналтын сонсголд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хамгааллын бодлоготой болсон. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх, түүнчлэн “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам", “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам”-ын хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулан ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуульд нийгэм, сэтгэлзүйн хувьд хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх асуудлыг дээрх батлагдсан дүрэм, журмуудад тодорхой тусгасан хэдий ч хүүхдийн тусламжийн 108 утсанд багшийн ёс зүй, үе тэнгийн дарамт, дээрэлхэлтэй холбоотой дуудлага нилээд хувийг эзэлж байгаа нь хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 395,253 суралцагчаас тэднийг эрсдэлд учруулж болох хүчин зүйл, шалтгааныг тодруулах судалгааг зохион байгуулж, нийгмийн орчин, сургуулийн орчин, гэр бүлийн орчинд суралцагчдад олонх тохиолддог эрсдэлт хүчин зүйлийг тодорхойллоо.

Судалгаанаас харахад эцэг, эх нь ажилгүй, орлого багатай байдаг, гэр бүлийн тогтворгүй байдал, гэр нь хөдөө, эцэг эх нь гадаадад хөдөлмөр эрхэлдэг байдал, ар гэрийн хяналт сул зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болж байгааг харж болохоор байна. Иймд хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, тэдэнд учирч болох хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны төлөвлөлт гарган ажиллахад багш, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагаа чухал байна. Бид эцэг эх, асран хамгаалагчидтай ажиллах арга барилаа өөрчлөх, эцэг, эхийн хурлыг хийдэг уламжлал болсон зохион байгуулалтын ажлаа ч эргэн харах хэрэгтэй болжээ” хэмээсэн.

Тиймээс “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл"-ийг 2019 онд баталж, үлгэрчилсэн чиглэлд ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг нийт захирлуудад үүрэг болгосон байна.

Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт удирдаж, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, хүүхдэд хамааралтай ажил хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм.