Сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах талаар уулзалт хийлээ
2019.05.30

Сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах талаар уулзалт хийлээ

Москва хотын Геодези, зураг зүйн их сургууль /Московский государственный университет геодезии и картографии/-ийг үүсгэн байгуулсны 240 жилийн ой энэ сарын 25-нд тохиожээ.

Ойн хүрээнд "Стратегийн төлөвлөлт, менежмент ба хөгжил" сэдэвт олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 27-29-нд зохион байгуулсан. Өдгөө Москва хотын Геодези, зураг зүйн их сургуулийг 100 гаруй монгол оюутан төгсөөд байгаа. Тэдгээр төгсөгчид эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд Монгол Улсын геодези, зураг зүйн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

Чуулга уулзалтад олон улсын хүндтэй зочид урилгаар оролцсоноос “Шинэ Монголын Төлөө Санаачилга” байгууллагын тэргүүн, УИХ-ын гишүүн, Олон Улсын Сансар судлалын Академийн гишүүн Л.Болд, БНМАУ-ын Баатар, ЗХУ /тухайн үеийн нэршлээр/-ын Баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа болон Москва хотын Геодези, зураг зүйн их сургуулийн төгсөгч доктор, профессор М.Саандарь нар оролцлоо.

Энэхүү чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигийн дагуу Москва хотын Геодези, зураг зүйн их сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнасныг сургуулийн Ерөнхийлөгч БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын хошой Баатар, сансрын нисэгч Виктор Савиных Петровичд гардуулсан байна.

“Шинэ Монголын Төлөө Санаачилга” ТББ нь саран дээр буусан АНУ-ын сансрын нисгэгч, домогт Базз Алдриныг Монголд урьж ирүүлэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай хамт хүүхэд, залуучуудтай уулзуулж байсан гэдгээр нь бид сайн мэдэх юм.

Олон Улсын Сансар судлалын Академи нь эгнээндээ 65 орныг нэгтгэсэн, НҮБ-ын статустай олон нийтийн томоохон байгууллага бөгөөд 1960 онд Шведийн Вант Улсын Стокгольм хотод байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл сансар огторгуйг эзэмших үйлсэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн судалгаа, сургалтын төслийг тогтмол хэрэгжүүлж ирсэн юм. НҮБ-ын статустай энэ байгууллага нь ОХУ, АНУ, Энэтхэг, БНХАУ-тай нягт харилцаатай хамтран ажилладаг билээ.

Тэр хэрээрээ хүн төрөлхтний нэн шинэ үеийн нээлт болох сансар судлалд Монгол Улсыг төлөөлөх хэмжээнд өөрийн гэсэн оролцоог хангаж, өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсний тод илрэл нь Монгол хүн, тэр дундаа эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэх яриа өрнүүлснийг энд дурдах хэрэгтэй.

Тодруулбал, "Шинэ Монголын төлөө санаачилга" төрийн бус байгууллагын "Насан туршийн бахархалт хүн" шагналын эзэн ОХУ-ын Төрийн Думын гишүүн В.Терешковатай энэ үеэр уулзаж, Монголоос анхны эмэгтэй сансрын нисгэгчийг нисгэх, энэ салбарт идэвхтэй оролцуулах асуудлаар санаачилга гарган ОХУ-ын Роскосмостой хамтран ажиллаж байгаа талаар ярилцжээ. Энэхүү санаачилга бодит ажил хэрэг болж тун удахгүй Монгол эмэгтэй хүн сансарт нисэх шинэ цагийн түүх эхлэх биз ээ.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Л.Болд, БНМАУ, ЗХУ-ын баатрууд В.Савиных, В.Жанибеков, Ж.Гүррагчаа нарын хамт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож ОХУ-ын Думын гишүүд Алдар Валерьевич Дамдинов, Александр Иванович Пятикоп нартай Төрийн Думын ордонд ажил хэрэгч уулзалт хийж, харилцан үзэл бодол, байр суурь солилцсон байна.