Энхтүвшин.Ө 2019.05.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдардаг иргэдийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ

ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдардаг иргэдийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.29) хуралдаанаар 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөв.

Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийлээ.

“БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол”, “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлжээ.

Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг зохицуулах асуудлаар 1997 оноос хойш 6 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж ирсэн бөгөөд Ерөнхий сайдын 2016 оны 91 дүгээр захирамжаар Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. 

Манай улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын өмчийн 56 багц барилга байгууламж байдаг агаад эдгээрийг дипломат статустай болон энгийн гэж ангилдаг байна. Дипломат статусгүй барилга байгууламжийн хувьд 49 багц барилга байдгаас нийслэлийн Баянзүрх дүргийн XY хороолол, Баянгол дүүргийн IY хороо, мөн Төв, Дархан-Уул, Орхон, Дорнод аймагт орон сууцны болон бусад зориулалтын барилгууд байдаг аж.

Одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын барилга объектуудаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооллын XYII, XY хорооллын I, YII, XI, XII, XIII байр, Дархан-уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IY байр зэрэг орон сууцны нийт 8 байранд манай улсын 554 өрх айл 1998 оноос хойш түрээсээр амьдарч иржээ. Хоёр талын шинжээчдийн түвшинд эдгээр 8 байрны баримт бичгийн бүрдүүлбэрийг цогцоор нь бүрдүүлэхээр ажиллаж, техникийн үзлэг, тооллого хийж маргаантай байсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоон, инженерийн шугам сүлжээ, барилгын ерөнхий төлөв байдал, амьдарч буй иргэдийн судалгаа болон байр тус бүрийн газрын кадастрын зургийг гаргасан байна. Ингэснээр эхний ээлжинд газар ашиглах эрхийн гэрчилгээг ОХУ-ын нэр дээр гаргуулж, улмаар байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олгож, дараагийн ээлжинд эдгээр байрыг монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар талууд тохиролцож, энэ үндсэн дээр эхний ээлжинд дээрх протокол, хэлэлцээрт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Батболд, Д.Лүндээжанцан нар Шадар сайд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хоёр улсын Засгийн газар хоорондын дээрх протокол, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулснаар ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа манай улсын 554 айл өрхийн орон сууцны асуудал шийдэгдэх, улмаар орон сууцаа өмчилж авах эрх зүйн боломж бүрдэх боломж нээгдэх гэж байгаад олзуурхаж буйгаа гишүүд хэлээд цаашдаа маргаантай байгаа бусад барилга объектын асуудлыг тохиролцсоны дагуу аль аль талдаа боломжтой хэлбэрээр шуурхай шийдвэрлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж оросын талын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүл хэрэгжүүлэхэд Засгийн газар, салбарын яамд онцгой анхаарах шаардлагатайг онцолж байв.

Ингээд “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол”, “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнэд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.