Ганбаатар.Ж 2019.05.30 | Vip76.mn

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж  зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав.

Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томьёолсон байна.

Мөн тэдгээрийн ангиллыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна. Мөн одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан болохыг Ж.Ганбаатар гишүүн танилцуулав.

Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Зарчимын зөрүүтэй саналын томёоллоор санал хураалт явуулж дуусан гишүүдийн 64,3 хувийн саналаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.