Бат-эрдэнэ.Ж 2019.05.30 | Vip76.mn

Харилцаа холбооны тухай хуулийн төслүүд батлагдлаа

Харилцаа холбооны тухай хуулийн төслүүд батлагдлаа

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа.

Тус хуулийн төсөлд нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.  2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдрийн байдлаар 42 мянга болж буурчээ.

Хуулийн төслүүдийн танилцуулгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийв.

Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар гэж байхгүй болно гэдгийг хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг тодотгоон. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд бүртгэлтэй гар утсаараа авах, сошиал орчинд бүгд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж байгаа юм.

Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгож, өөрчлөн найруулахаар тусгажээ.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах зэрэг үйл ажиллагаатай холбоотой тодорхой эрхийг тусгасан байна.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэцлүүлгээр нь дэмжье гэсэн байнгын хорооны санал дэмжигдсэн тул  хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа. Мөн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр хуулийн төслүүд  бүхэлдээ батлагдлаа. Ингээд чуулганы хуралдааны    үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.