2019.05.30

Б.Баттөмөр: Мөнгөний, төсвийн, бүтцийн өөрчлөлтийн гэсэн 3 бодлого хоорондоо уялдах ёстой

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа.

Төсөл батлагдах үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цаашид анхаарах хэд хэдэн асуудлаар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Энэ төсөл ингээд батлагдана. Гэхдээ Сангийн яамныханд анхаарах ёстой зүйл энд маш их байгаа.

Тухайлбал, Орлогыг 11.1 их наяд төгрөг гэж 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ төлөвлөчхөж байгаа юм бараг. Тэгэхээр орлого дайчлах чиглэлд ерөөсөө  олигтой ажил хийгдэхгүй байгаа. Монгол улсад асар их боломж байгаа. Үүнийг дайлчлаж гаргаж ирж чадахгүй байгаа. Энэ үнэхээр харамсалтай.

Мөнгөний бодлого, Төсвийн бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлого гэсэн 3 бодлого хоорондоо уялдаа байхгүй. Уг нь эдийн засгийн энэ гурван бодлого хамтарч үр дүнд хүрэх ёстой. Монгол улсад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бодлого үндсэндээ хаягдчихсан. Үүнийг засъя гэж байнгын хорооны хурал, нэгдсэн чуулган дээр нилээд олон удаа ярьсан. Олигтой өөрчлөлт гарсангүй. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг бичиг баримт гарсан байдаг. Энэ баримт бичгээр бол Монгол улсын нэгдсэн төсөв 2020 онд 2%-ийн алдагдалтай байх ёстой. Гэтэл өнөөдөр 5.1%-ийн алдагдалтай баталж байна. Биелэгдэхгүй юм бол энэ баримт бичигтээ өөрчлөлт хийх хэрэгтэй. НҮБ-д тайлагначихсан баримт, материал шүү дээ энэ. 

Цаашлаад Нийгмийн даатгалын санд 2019 онд 600 тэрбум төгрөгийн татаас өгч байна. 2020 онд 750, 2021 онд 810, 2022 онд 875 гээд  цааш өсөөд явж байна. Олж байгаа төсвийнхөө 10%-ийг нийгмийн даатгалд өгч байна шүү дээ. НДС-г өөрөө өөрийгөө авч явдаг болгох чиглэл рүү нь ажиллах шаардлага байна. Өрийн удирдлагыг 2021 оноос эхлээд 2.9 тэрбум долларын өр төлнө. Энэ өрийг төлөх чиглэлээр хийх гэж байгаа ажил юу байна гэхээр бас л олигтой зүйл алга. 

Баялгийн менежментээ хэрхэн сайжруулах юм бэ? ухаад гаргаад байх юмуу, нэмүү өртөг шингээж гаргах юмуу гэхээр бас л олигтой хариулт байдаггүй. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэржүүлэх чиглэлээр олигтой зүйл алга. Гэх мэтчилэн асуудалтай зүйл их байна.