Баттөмөр.Б 2019.05.30 | Vip76.mn

“Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

“Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

УИХ 2007 оны нэгдүгээр сард “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийг баталснаас хойш өнөөг хүртэл нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбожээ. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл олгосон байна.

Зөвшөөрлийн дагуу эх үүсгүүрүүдийг барьж, нэгдсэн сүлжээнд холбовол сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал болох 1200 МВт-аас давж гарахаар байгаа юм. Энэ тохиолдолд нэгдсэн сүлжээний горим, ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл үүснэ.

Түүнчлэн 2007 оны хуульд тусгагдсан зарим зохицуулалт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих дэлхий дахины нийтлэг бодлого, зохицуулалтад нийцэхгүй болсноос гадна дамжуулах сүлжээнд холбогдох нар, салхины том чадлын үүсгүүрийн төслүүдийг техникийн нөхцөл болон үнээр өрсөлдүүлэн шалгаруулах, “төсөл хэрэгжүүлэх баталгаа”-г төсөл хэрэгжүүлэгчдээс авах, үнэ, тариф, урамшууллын шинэ тогтолцоо бий болгох зэрэг зайлшгүй шаардлага үүссэнтэй уялдуулж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар Байнгын хороо, төсөл санаачлагч гишүүд болон салбарын сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Энэ хуулийн төсөл нь манай улсад өндөр өртөгтэй байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг дэлхий нийтийн жишгийн дагуу өрсөлдөөний зарчмаар бууруулах асуудлыг өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлэн хуульчилж зохицуулахад чиглэж байгаа аж.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болж нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.