2019.05.30

А.Сүхбат: Асуудлуудаа хэрхэн шийдвэл эрчим хүчний хараат байдлаас гарах вэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Улс орны хөгжил цэцэглэлт бол эрчим хүч, цахилгаанжилттай шууд холбоотой байдаг. Өнөө цагт газрын дулааны эрчим хүчийг гаргаж авах, газрын дулааныг ашиглах, салхин парк, нарны эрчим хүч гээд ийм олон асуудлуудыг бид ярьж байгаа. Энэ асуудлуудыг ямар түвшинд шийдвэл Монгол улс эрчим хүчний хараат бус байдлаас гарах юм бэ? Энэ тал дээр тодорхой хариулж өгнө үү?

Хамгийн чухал зүйл бол үнэ тариф. Налайх дүүргийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг салхин парк хэр үр дүнтэй ажилладаг юм бэ? Энэ бол том жишээ. Хэрвээ цаашдаа үнээ нэмээд байх юм бол эрсдэлээс хамгаалах ямар арга хэмжээ авдаг вэ?