Даваасүрэн.Ц 2019.05.31 | Vip76.mn

Авто тээврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Авто тээврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ.

Засгийн газрын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцууллаа.

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш уг хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Хууль анх батлагдаж байсан 1999 онд улсын хэмжээнд 70 мянга хүрэхгүй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2018 оны байдлаар 970.8 мянгад хүрч, авто тээврийн хэрэгслээр хийгдэж байгаа зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсөж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32.100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна.   

Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.

Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, М.Билэгт, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Сүхбат, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Баталгаагүй сэлбэг, хэрэгслээс үүдэн авто осол гардаг тул төсөл дэх сэлбэг, хэрэгслийн талаарх зохицуулалт бүхий зүйлийг нягтлан, хариуцлагын санкцыг өндөржүүлэх саналыг Д.Хаянхярваа гишүүн гаргав. Түүнчлэн орон нутгийн зам дагуух хураамж хураах давхардсан цэгүүдийн үйл ажиллагааг эмхлэх,  олон улсын GPS сүлжээнд Монгол Улсыг нэгтгэх талаар санал хэлээд, төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн А.Сүхбат автозамын бүтээн байгуулалт, арчлалтын чанарыг сайжруулах, стандартад нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, тодорхой тоон мэдээллийг танилцуулсан.

Авто тээврийн талаарх эрх зүйн зохицуулалтыг төрийн бодлоготой уялдуулж, эдгээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий механизмыг орон нутагт байгуулах шаардлага, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хэлсэн юм. Мөн зөвшөөрөл олгох замаар тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах, стандартыг мөрдүүлэхэд илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь Автотээврийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.