2019.05.31

Н.Амарзаяа: Автозам нь орон нутгийн иргэдийн амьдралтай шууд холбоотой зүйл

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ.

УИХ-ын Н.Амарзаяа:

"Уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой асуудлыг тусгай журмаар зохицуулах шаардлагатай байна гэдэгтэй санал нийлж байна. Ингэхдээ ямар асуудлыг журмаар зохицуулахаар төлөвлөсөн бэ? Мөн хуулийн судалгаа, үр нөлөөг харахаар төдийлөн бодит нутаг дэвсгэрийн асуудал заагаагүй байна. Үүн дээр ямар асуудлыг зохицуулахаар орж ирсэн бэ?

Авто зам нь нутгийн иргэдийн амьдралтай салшгүй холбоотой. Өмнөговь аймаг жишээлбэл нүүрс тээвэр хийдэг гол бүс нутаг. Тиймээс автозамтай холбоотой Гашуунсухайтын тээвэрчдийн гомдол асар том бухимдал үүссэн. Үүнийг Зам тээврийн хөгжлийн яам удирдан зохион байгуулж чадахгүй олон жил боллоо. Үүнийг дагаад хүний эрүүл мэнд, амь нас үрэгдэх тохиолдол гарч байна. Үүнд эрх зүйн үр дагаварыг сайжруулах ямар заалт оруулсан бэ?

Гашуунсухайтын тээвэрт 9-15 мянган тээврийн хэрэгсэл байдаг ч өдөрт 700-1500 машин хилээр гарч байна. энд хэд дахин олон тээврийн зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулахаар тусгасан бэ?

Шивээхүрэн боомт хүртэлх авто замыг Д.Ганбат сайдын үед улсын шинж чанартай болгосон. Энэ мэт улсын шинж чанартай авто замууд дээр яам ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж байна вэ? Хатуу хучилт, сайжруулсан, эдийн засгийн үр өгөөж зэргийг нь хэрхэн зохицуулалт хийсэн бэ?

Ц зөвшөөрлийн асуудал маш хүнд байдаг. Авлигатай ч холбоотой. Энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулж оруулж ирсэн бэ?"