Н.Амарзаяа 2019.05.31

“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудитороос төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоолгохоор холбогдох байгууллагаас санал авч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д ирүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхий аудторын цалин, зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоо төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон байх бөгөөд тэдгээрийн албан тушаалын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно” гэж тус тус заасан боловч УИХ-аас төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хууль тогтоомжоор тусгайлан тогтоосон шийдвэр гараагүй аж.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед төрийн аудитын байгууллагын албан хаагчийн цалингийн хэмжээг УИХ-аас тогтоож, эрх зүйн орчныг бүрдүүлж хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 25 нь дэмжсэн. Ийнхүү гишүүдийн 58.1 хувь нь дэмжсэн тул ийн саналаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав.