“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа
2019.05.31

“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэгтгэн, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг тусгасан эцсийн хувилбарыг боловсруулсан байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжсэн тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав.