Ж.Бат-Эрдэнэ 2019.05.31 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Ачаа тээвэрлэлтэнд Төрөөс хэтэрхий их оролцдог байдлаа болих хэрэгтэй

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Авто тээврийн бодлоготой уялдуулан орон нутагт тээврийн бодлогыг уялдуулах алба байх ёстой. Үүнийг хуульд тодруулах ёстой. Одоо бол төвөөс буюу яамнаас зохицуулалт хийгээд байна. Харин орон нутагт засаг дарга нь яаралтай нөхцөлд зохицуулалт хийж, бодлого хэрэгжүүлдэг болох ёстой.

Хилийн тээвэр хийхэд иргэд гадаад паспорттой байх ёстой шиг жолооч Ц зөвшөөрөлтэй байх ёстой байдаг. Уул уурхайд анхаарал хандуулж байгаа энэ үед Ц зөвшөөрөлтэй холбоотойгоор тээвэрлэлтийн асуудалруу ордог байдлыг болих хэрэгтэй. Тухайн тээвэр хийж байгаа чиглэлд хэн худалдан авч, зарж борлуулж байгаа хүний хооронд гэрээ хийгдэхэд анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. Тонн, километр, маршрутыг нь баримтлуулах тал дээр анхаарах ёстой. Түүнээс биш Ц зөвшөөрөл олгоход анхаарах нь дараагийн асуудал юм. Төрөөс хэтэрхий их оролцдог байдлыг багасгах ёстой.

Хуульд арилжааны тээврийг бүртгэх гэж оруулсан байна. Бид аж ахуйн нэгжүүдэд ингэж дарамт учруулах ямар ч шаардлага байхгүй. 2 ААН хоорондоо гэрээ хийгээд тээвэрлэхэд стандарт мөрдөхийг нь л харгалзан үзэх ёстой."