Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа
2019.06.04

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн эрх тэгш гишүүний хувьд нийгмийн амьдралд бүрэн оролцуулахыг дэмжиж ажилладаг, улсын хэмжээнд 18 салбартай, 4000 орчим гишүүнтэй ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны захирал С.Сэлэнгэ “Хөгжлийн бэрхшээл нь хүүхдийг эрхээ эдлэх тал дээр бусдаас өөр ялгаатай болгодог” гэсэн хэвшмэл ойлголтоос болж ийм хүүхдүүд боловсролын үйлчилгээг чанартай авч чадахгүй, ялгаварлан гардуурхагдаж байна. Тиймээс хүүхдэд илэрч болох хөгжлийн хоцрогдлыг хүний ялгаатай шинж байдал хэмээн хүлээн зөвшөөрч, хүндлэх тухай дүрэм, журмыг ердийн сургуулиудад нэвтрүүлэхийг хүслээ. Мөн энэ онд “Хаалгаа нээ” аяныг хэрэгжүүлсэн тухайгаа танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ялгаварлан гадуурхахгүйгээр харьцахад бидэнд ямар ч хөрөнгө мөнгө хэрэггүй. Хандаж буй харц, харилцаж буй хандлагаа өөрчлөхөд ямар олон хүнд итгэл үнэмшил, урам зоригийг өгдөг билээ. Тийм учраас ялгаварлан гадуурхалын сөрөг нөлөөг нийгэмд ойлгуулах чиглэлд яам анхаарч, олон нийтийн итгэлийг хүлээсэн, сайн үйл ажиллагаатай төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, ялгаварлалгүй, тэгш хүртээмжтэй орчныг бүтээхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн БСШУСЯ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сургалт, хөгжлийн бодлого хариуцсан хэлтэстэй болохоор зорин ажиллаж байна гэлээ.

Уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны эрх зүйч, зөвлөх болон наймдугаар ангийн сурагч Б.Ариунбилэг, ээжийн хамт оролцож, сурч боловсроход тулгамдаж буй зарим асуудлыг хөндөн ярилцсан юм.