Саранчимэг.Б Н.Цэрэнбат 2019.06.04 | Vip76.mn

Ус бохирдуулсны төлбөрийн шударга механизм ажиллаж эхэлнэ

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилт нэмэгдсэнтэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон.

Ялангуяа Улаанбаатар хотын хувьд үйлдвэр, аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, насжилт, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэх нэн тэргүүний хэрэгцээ шаардлага бий болоод байсан юм.

"Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг  ажиллаж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хууль батлагдлаа.

Ингэснээр 2012 онд батлагдаад хэрэгжээгүй энэ хуулийн гацаа арилж, ус ашиглагч аж ахуйн нэгжүүд хаягдал усаа цэвэрлэж, эргүүлэн ашиглах эдийн засгийн хөшүүргүүд тодорхой болж, их бохирдуулбал их, бага бохирдуулбал бага төлөх шударга төлбөрийн механизм ажиллаж эхэлнэ.

Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах  байдлаар тогтооно:
  • Хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар;
  • Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг  жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар;
  • Хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар.
  • Хоногт 50 шоометрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.
УГ ХУУЛЬ НЬ ЖИЛЭЭС ЖИЛД ХОМСДОЖ БАЙГАА МОНГОЛ ОРНЫ ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ ЮМ.

Хуулийг хэрэгжиж эхэлсэнээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Хуульд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож, хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Ус бохирдуулагчийг дараах  нөхцөлд төлбөрөөс чөлөөлнө:
  • Хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр;
  • Хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр.
  • Хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар.
  • Хот, суурин газраас бусад газар оршин  суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг төлбөрөөс чөлөөлнө.
  • Хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно.      

Энэ хууль бүрэн агуулгаараа хэрэгжээд эхлэхээр жил бүр Туул, Хэрлэн, Орхон, Хараа, Хангал зэрэг 100 гаруй гол, горхи руу цутгаж байгаа 120 сая м3 бохир ус багасаж, бохирдлын төвшин буурна.