“Улс нэг тойрог болох нь залууст халтай”
2019.06.04

“Улс нэг тойрог болох нь залууст халтай”

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 76 тойргоор зохион байгуулдаг байсныг шинэчилж, “Монгол Улс-Нэг тойрог” гэсэн зарчмаар зохион байгуулдаг болох асуудал яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүх нэр дэвшигчид Монгол Улс гэсэн нэг тойрогт өрсөлдөх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ямар байр суурьтай байгааг хүргэе.

О.Баасанхүү: Шинэ залуу гишүүд сонгогдох боломжгүй болно

-Огт дэмжихгүй байгаа. Энэ заалтад давуу тал гэж юу ч байхгүй. Монгол Улсад нэг нь бодлогын, нөгөө нь салбарын гэсэн хоёр янзын нам байх ёстой юм.

1990 оноос хойш зөвхөн салбарын нам бий болсон. Энэ нь намын хороо, үүрээр дамжуулан төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаад явдаг жишиг. Хэрэв АН ялвал 20 мянган хүн, МАН ялвал 25 мянган хүн халагддаг, ах дүү нараа дарга болгодог. Ийм тогтолцоотой үед энэ хуулиар бол жижиг намуудад боломж өгөхгүй гэсэн үг. Яагаад гэвэл наад зах нь сурталчилгааны цаасыг хүргэж өгөхийн тулд тодорхой зардал гарна. Тэнд хүн ажиллуулна. Үүнийг зөвхөн МАН, АН хоёр л хийж чадна.  Нэр хүнд нь унасан хоёр том нам жижиг намуудыг зориуд сонгуульд оролцуулахгүй байх башир арга хэрэглэж, ийм заалтыг оруулж ирж байна.

Дарангуйллын тогтолцоог бий болгож байна гэсэн үг. Анх удаагаа сонгогдсон гишүүдэд бол энэ хуулиар бүр сонгогдох боломж байхгүй. Анх удаа УИХ-д сонгогдсон 40-өөд гишүүн байгаа учраас энэ заалтыг дэмжихгүй байх гэж найдаж байна.