Эрүүл мэндийн тухай хуулийн анхны хэлэцүүлэгийг хойшлуулав
2019.06.04

Эрүүл мэндийн тухай хуулийн анхны хэлэцүүлэгийг хойшлуулав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.06.04) хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт томилсон боловч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул дээрх тогтоолын төсөлд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг ахлагчаар томилсныг дурдав.

Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал нэгийг тус тус бэлтгэсэн.

Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэхдээ төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан болон  холбогдох байгууллагын саналыг авч үзсэн гэдгийг онцоллоо. 

Хуралдаанд Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд  асуулт асууж, санал хэлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд “Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд заавал хамруулна” гэж өөрчлөн найруулах болсонд Эрүүл мэндийн сайдын бодлого, байр суурийг сонсох зайлшгүй шаардлагатай гэж байлаа.

Иймд Ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.