"Хууль зөрчсөн бол огцорно, албан тушаалтайгаа зууралдахгүй"
2019.06.05

"Хууль зөрчсөн бол огцорно, албан тушаалтайгаа зууралдахгүй"

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй салбарын асуудлаар нь ярилцлаа.

-Та Эрчим хүчний сайдаар ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд таны хийж, хэрэгжүүлсэн бодлогын шинжтэй өөрчлөлтүүд юу байв гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье? 

-Нэн тэргүүнд салбарын бодлогод гарсан алдааг засахыг оролдож байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг хангаж байж хөгжүүлэх ёстой. Одоо олгочихсон байгаа нар, салхины тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэхгүй бол эрчим хүчний системээ эргээд тогтворгүй байдалд оруулах нөхцөл үүссэн байна. Энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлавал, нар жаргах үед үүсэх цахилгааны дутагдлыг манайд шууд хаах эх үүсвэр байдаггүйгээс хэрэв ОХУ-аас импортоор авч хааж чадахгүй тохиолдолд зарим хэрэглэгчдийг хязгаарлах, тогийг нь таслах нөхцөл үүсэх юм.

Энэ нь манайд хурдан горимд шилждэг нөөц эх үүсвэр байдаггүйтэй холбоотой асуудал.  Кноп дараад л цахилгаан эрчим хүч шууд нийлүүлдэг усан цахилгаан станц, хийн турбингенераторууд манайд байхгүй. Тийм учраас системд гэнэт үүсэж буй дутагдлыг ОХУ-аас эрчим хүч импортолж хаадаг. Өдөр бүр оройн оргил ачааллын үед импортоор цахилгаан авдаг нь ийм учиртай. Өнөөдөр гэхэд 162 МВт-ыг импортоор авч байна. Гэтэл манай нүүрсэн дээр ажилладаг станцын генераторууд 4-5 цаг болж байж цахилгаан үйлдвэрлэж системд нийлүүлдэг. Нар жаргахад үүсэх эрчим хүчний дутагдлыг тэр дор нь нөхөж чадахгүй гэсэн хэрэг л дээ. Тиймээс нөөцийн эх үүсвэр, батарей хуримтлуурын станц барьж байгуулах төлөвлөлтийг хийж байна.

Салбарын хөгжлийг цаашид буруу явуулчихгүйн үүднээс дунд хугацааны хөтөлбөрийг өнгөрсөн жил тодотгож шинэчлэн баталсан. Хөгжил төлөвлөлтийг эрчим хүчний бодит хэрэглээ, хөгжлийн чиг хандлагатай нь уялдуулахыг эрмэлзсэн. Мөн Дэлхийн банктай хамтран Эрчим хүчний салбарын Мастер төлөвлөгөөг хамтран боловсруулж байна. Харин бодлого, төлөвлөгөө баталчхаад түүнийгээ дагадаг байх ёстой. Манайд сайдаа өөрчлөгдөхөөр бодлого нь өөрчлөгдөөд явчихдаг нэг буруу зуршил бий. Дунд хугацааны хөтөлбөрийг 2018-2023 онуудад хэрэгжүүлнэ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний томоохон төслүүдийг хөдөлгөнө, Оросын тал дэмжинэ гэж мэдэгдэж байсан. Төслүүд хэзээнээс ажил хэрэг болж урагшлах вэ. Төслүүд хөдлөхгүй гацаж байгаа шалтгаан нь юу юм бол?

-Тийм ээ. Засгийн газрын тэргүүний хувьд бие даасан эрчим хүчний системийг бүрдүүлнэ гэдгээ амлачихсан. Холбогдох шийдвэрүүдийг нь гаргаад өгчихсөн. Одоо хөрөнгө санхүүг нь босгож, эхлүүлэх ажил чухал байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын 4 генераторыг шинэчлэх төсөл хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Зарим төслүүдийн ТЭЗҮ хийгдэж байна. Мөн эх үүсвэр босгох ажил эхэлчихсэн.

Таван толгойн цахилгаан станцыг барьж эхлүүлэх, энэ оноос Оюутолгойд цахилгаан эрчим хүч нийлүүлэх хэлэлцээрийг Рио-Тинтотой хийж, гэрээ байгуулсан. Мөн Багануурын цахилгаан станцыг манай системд тохирох 150МВт турбингенератортой болгож өөрчлөх, ажиллах боловсон хүчнийг сургаж, яваандаа үндэсний боловсон хүчнээр хангах талаар ярилцаж байгаа. Ховдын Эрдэнэ-бүрэнд УЦСтанц барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ ондоо багтааж барилгын ажлын эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байна.

-Ямартай ч төслүүдийн  ТЭЗҮ нь түрүүчээсээ хийгдээд явж байгаа юм байна гэж таны яринаасаа дүгнэлээ. Гол нь  хэдий хугацааны дараа ашиглалтад орох бол. ТЭЗҮ-г нь гаргасан нь ч ашиглалтад ордоггүй, гацсан, саарсан, таг алга болсон олон төсөл бий шүү дээ?

-Төслүүд  доод тал нь дөрвөн жилийн дараа ашиглалтад орно. Одоо манай эрчим хүчний системийн суурилагдсан чадал  шинээр бий болж буй хэрэглээг нөхөж чадахгүйд хүрчхээд байна. Жилд 70-100 МВт-ын хэрэглээ өсөж, шинэ эх үүсвэр шаардлагатай болж байгаа. Тийм учраас цаг хожиж, бага зардлаар эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох зорилгоор Засгийн газраас одоо байгаа дулааны станцуудын дэд бүтцээ ашиглаад шинэчилж, өргөтгөл хийх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд, Дөрөвдүгээр цахилгаан станцын 4 генераторыг шинэчилж 90 МВт, Гуравдугаар цахилгаан станцыг 75 МВт-аар хүчин чадлыг нэмэгдүүлж, 250 МВт-аар өргөтгөн, мөн Амгалангийн Дулааны станцыг 50 МВт-аар өргөтгөж  465 МВт шинэ эх үүсвэрийг ойрын хугацаанд бий болгохоор ажиллаж байна.

Мөн Дулааны 2 дугаар цахилгаан станцыг 250-300 МВт болгож өргөтгөх ТЭЗҮ-ийг хийж дууслаа. Хөрөнгө оруулалтын тодорхой саналууд ирж байгаа. Үүнийг энэ жил эхлүүлж чадвал гурван  жилийн дараа ашиглалтад орно. Саяын дурдсан өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг хийж амжуулбал ойрын таван жилдээ эх үүсвэрийн дутагдалд орохгүй. Гацаанд байгаа чухал томоохон төсөл гэвэл, Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцын төслүүдийг нэрлэж болно. Эхний төслийн хувьд, Оюутолгойн хөрөнгө оруулагчтай 2023 оны зургадугаар  сард станцаа барьж ашиглалтад оруулах гэрээг байгуулсан,  түүнийгээ хэрэгжүүлэхийг шаардаж ажиллаж байна.  Харин хийчихье гэсэн сэтгэл харагдахгүй байх шиг.

Эгийн голын УЦС-ын хувьд байгаль нууртай холбоотой асуудлаар биологийн судалгаа хийж, дүгнэлт гаргах асуудал удааширч байна. Энэ бол маш чухал төсөл. Тодруулж хэлбэл, эрчим хүчний бие даасан найдвартай системтэй болох асуудал энэ УЦС-аас шалтгаална.
 –Эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэж байгаа энэ үед бид эрчим хүчний нөөцийн хомсдолд орохыг үгүйсгэхгүй. V-дугаар цахилгаан станц хэзээ ашиглалтад орох вэ?

-Тийм ээ, өөртэй чинь санал нэг байна. Хэрэв дээр дурдсан эх үүсвэр барих, өргөтгөл, шинэтгэл хийх ажлуудыг хугацаанд нь хийж чадахгүй бол 2020-21 оны өвлөөс эрчим хүчний дутагдалд орж болзошгүй байгаа.  Нийслэлийн дулааны хэрэгцээг хангах шинэ том эх үүсвэрийн хувьд Дулааны 2 дугаар цахилгаан станцын 250-300 МВт-ын шинэтгэлийн төслийг төлөвлөж байна.

Тавдугаар цахилгаан станцын хувьд хөрөнгө оруулагчид төслөөс гараад явчихсан юм билээ. Тиймээс баригдах асуудал нь эргэлзээтэй болсон.
-Монгол Улс жилдээ  ОХУ-аас 162 МВт-ыг импортоор авч байна гэлээ. ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах боломж бий юу?

-Маш чухал асуулт байна. Дээр дурдсан УЦСтанц, хийн турбин генератор, өндөр багтаамжтай батарей хуримтлуур гэсэн гурван асуудлыг шийдвэрлэсэн нөхцөлд импортыг бууруулах боломжтой.

-Багануурын цахилгаан станц баригдвал манай улсын эрчим хүчний хэрэглээ бүрэн шийдэгдэнэ гэж үздэг. Салбарын сайдынх нь хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Дахиж хоёр, гурван нүүрсний цахилгаан станцаа бариад ч гэнэтийн дутагдал нөхөх нөөц эх үүсвэр бүрдэхгүй ОХУ-аас импортолж системийнхээ зохицуулалтыг хийдэг хэвээрээ л байна. Энэ нь нүүрсний цахилгаан станц хурдан горимд шилжиж тэр дороо цахилгаан нийлүүлж чаддаггүйтэй холбоотой.

Тийм учраас Багануурын станц баригдаад ч энэ асуудал шийдэгдэхгүй гэсэн үг. Харин өсөн нэмэгдэж буй шинэ хэрэглээгээ хаах талаас бол эх үүсвэр болж өгнө. Гэнэтийн үүсэх цахилгааны дутагдлыг бол хааж чадахгүй гэсэн үг. Мөн Багануурын цахилгаан станц байршил, техникийн шийдэл талаасаа асуудалтай харагддаг. Хэрэв би тухайн үед сайд байсан бол нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг хамтад шийдэх талаасаа 5 дугаар цахилгаан станцын төслийг нь дэмжих байсан болов уу. Мөн генераторын хувьд манай системд хэт өндөр, тогтворжилтод сөрөг нөлөөлөл үзүүлж болох чадлынх байгаа. Ийм чадлын генераторт гэнэт саатал гарч зогсвол манай системийг бүхэлд нь татаж  унагах магадлалтай.

Нөгөө талаасаа, манай зуны цахилгааны хэрэглээ бага 500-600 МВт орчим байдаг. Тиймээс зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ биз дээ. Тухайлбал, өнөөдрийн өдрийн хэрэглээ 680 МВт байлаа. Ийм тохиолдолд бусад станцаа зогсоох нөхцөл байдал үүснэ. Тиймээс генераторын хүчин чадлыг эргэж харж бууруулах саналыг хөрөнгө оруулагч компанид тавьсан. Хэлцэл явагдаж байгаа. Манай Диспетчерийн үндэсний төвийнхөн дүгнэлтээ гаргаж өгсөн. Удахгүй шийдэл гарах байх.

-Ер нь Монгол атомын цахилгаан станцтай болох боломжтой юу?

-Манайх шиг маш бага 1200 МВт-ын цахилгааны хэрэглээтэй орны хувьд эрсдэлтэй байх. Атомын станцын нэг блок л хангачих хэрэглээ. Ганц станц ажлуулж хэрэглээгээ хангадаг улс гэж байдаггүй. Гэнэтийн аваар үүсэж зогсож болно шүү дээ. Манай улс шиг 4-5 цагийн дараа цахилгаанаа нийлүүлдэг нүүрсний станцуудтай улсын хувьд бүр ч эрсдэлтэй. Өвөл цагт бол улсаа хөлдөөчихнө биз. Сайн судалж байж шийдэх асуудал.

 –Монгол орны хувьд эрчим хүчний нөөц нар, салхи нь хангалттай байна. Гэвч байгаа нөөцөө төдийлөн ашиглаж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу юм вэ?

-Нар жаргаж, салхины эрч сулрахаар чадлын дутагдалд орж, нөхөх эх үүсвэргүй учраас ОХУ-аас эрчим хүч импортолж нөхдөг  талаар дээр яриандаа би  ярьсан. Харин бусад улс орнуудад ийм дутагдал үүсэхээр шууд л цахилгаан үйлдвэрлээд нөхдөг усны болон газын турбогенераторуудтай станцтай байдаг. Гэтэл манай нүүрсэн дээр ажилладаг станцын генераторууд 4-5 цаг болж байж цахилгаан үйлдвэрлэж системд нийлүүлдэг.

Нар жаргахад үүсэх эрчим хүчний дутагдлыг тэр дор нь нөхөж чадахгүй гэсэн хэрэг л дээ. Сүүлийн үед өндөр хүчин чадлын батарей хуримтлуурыг ашигладаг болж байна. Манайд 100 МВт ийм хуримтлуур байгуулах асуудлыг Азийн хөгжлийн банкинд тавиад байна. Энэ асуудлаар тус банкинд Сангийн сайд зүгээс ч дэмжиж байгаагаа илэрхийлж, хандсан байгаа юм билээ. Мөн горимд хурдан шилждэг Эрдэнэбүрэн, Эгийн голын Усан цахилгаан станцууд ашиглалтад орвол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн хийн турбин генератортай болох асуудлыг судалж, ТЭЗҮ боловсруулж байна.

Эдгээр УЦСтанц, хийн турбин генератор, өндөр багтаамжтай батарей хуримтлуур гэсэн гурван асуудлыг шийдээгүй нөхцөлд системийн найдвартай ажиллагаа сайжрахгүй, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж хязгаарлагдмал хэвээр байх болно.
-"Оюутолгой” компанитай байгуулсан "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцлах саналыг гаргаснаар Оюутолгой Монголоос эрчим авах боломжгүй болчихлоо гэж олон нийт таныг буруутгадаг. Гэрээг та  цуцалсан нь үнэн юм уу?

-Тэгсэн, тэрхүү манай улсын эрх ашгийг хохироосон гэрээг цуцалсан. Гэрээг цуцалснаар, Хөрөнгө оруулалтын гэрээний дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүч авах үүргийг нь түдгэлзүүлсэн байсныг нь хүчингүй болгож, эрчим хүчээ манай улсаас авах үүргийг нь сэргээсэн. Уг нь 2017 оны долдугаар сараас манай улсаас цахилгаан хангамжаа авах ёстой байсан.

Гэтэл дээрх гэрээ түдгэлзүүлсэн асуудлаас болж 2019 оноос эхэлж Монголоос эрчим хүчээ авахаар Рио-Тинто компанитай гэрээ байгуулж байна. Өндөр хүчдэлийн шугамаа Оюутолгой руу татаж дуусаж байна. Мөн системийн эх үүсвэр, хүчин чадлаа нэмэгдүүлэх асуудлаа эхлүүлчихсэн байгаа. 2021 он гэхэд адаглаад  тус компанийн эрчим хүчний хэрэглээний 50 хувийг нь дотоодоосоо хангая гэж төлөвлөж байна. 2023 он гэхэд станцаа барьж дууссан байх ёстой.

-Тантай уулзаж байгаагийн хувьд нэг зүйлийг тодруулъя. Засгийн газрын нэг гишүүн 10 сая ам.долларын авилгыг урд хөршөөс авсан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч одоогоор хэн болох нь ил тод болоогүй байна. Уг мэдээлэлд таны нэр холбогдсон ч та няцааж гүтгэсэн хүнийг олно гэж хэлж байсан.  Үнэхээр таныг гүтгэсэн юм уу?

-Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан. Үр дүн гарч байгаа юм билээ. Сошил орчинд  “Бүү март” гэсэн нэр, хаягаа нууцалсан фэйж хуудаснаас гүтгэлэг тараагаад байгаа этгээдийг бараг олоод байгаа гэсэн. Мөн Хөвсгөлд уул уурхай эрхлэх гэж байгаа компанийн ажил хийж яваа нөхөр элдэв гүтгэлэг зохиож, Хөвсгөлийн фэйж хуудсууд руу  хийгээд байсныг тогтоосон байна билээ. Зарим нь улс төрийн зорилгоор гүтгэлгийг ашиглаж, зориудаар түгээхийг оролдсон хүмүүс ч байх шиг байна.

Удахгүй Цагдаагийн байгууллагаас мэдээлэх байх. Наад 10 сая доллар чинь зүүдэнд ч орохгүй, тэгээд ч шингээх боломж, авах зүрх зориг надад байхгүй. Өнөө цагт, муулах гээд шалтаг, но олдохгүй болохоор гүтгэж алъя гэдэг болсон юм байна. Нэг үг байдаг юм, "Зөв, зарчимтай хүнийг гүтгэж ал, мулгуу тэнэг хүнийг магтаж ал" гэж.

-АН-аас Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Ялангуяа огцрох сайд нарын нэг нь таныг гэж хэлсэн. Та үүнд ямар  тайлбар өгөх вэ?

-Тийм хүсэлтэй хүмүүс байгаа л байх. Үнэхээр хууль зөрчсөн, буруу зүйл хийчихсэн байгаа бол огцроод л явчихна. Би зууралдаад байхгүй. Харин гүтгэж ална гээд байгаа бол зүгээр сууж байгаад зүйл дуусахгүй шүү. Улс төр бохир болж байна.

Нэр хаяггүй фэйж хуудаснаас хүн гүтгээд л хэрэгт холбогдлоо гээд байж болох уу. Баримт байдаг бол гаргаж ирж байгаад л сайхан хэлэлцээд л ногдох шийтгэлийг нь өгөх хэрэгтэй шүү  дээ.  Энэ нөхөр уул уурхай эрхлэхэд саад болно улс төрөөс зайлуулчихъя гэж бодож, төлөвлөж байгаа бол санасны чинь гарз гэдгийг хэлье. Би тэр байтугай дарамтыг туулаад л гарсан. Мань мэт чинь хаанаас юу бодож, хэн юу хийгээд байгаагаа мэдэрч, хариуг нь өгчих байлгүй дээ.

Сэтгүүлч Ш.Адъяамаа