Л.Энхболд 2019.06.05 | Өглөөний сонин

Л.Энхболд: Тост, Тосон бумбын асуудлаар Засгийн газарт дахин асуулга тавина

Л.Энхболд: Тост, Тосон бумбын асуудлаар Засгийн газарт дахин асуулга тавина

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Тост, Тосон бумбын нуруунд “Сауд гоби коал транс” компани хууль бус олборлолт явуулж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү асуудлаар тус аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж асуулга тавиад байсан юм. Тэгвэл дээрх асуулгын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани хууль бусаар олборлолт явуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд бий. Хэвлэл мэдээл­лийнхэн ч өөр өөрдсийн байр суурийг хүргэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь хууль зөрчсөн, нөгөө хэсэг нь хууль зөрчөөгүй зэрэг мэдээллийг олон нийтэд өгчээ. Харин та яг энэ асуудлаар Засгийн газрын тэргүүнд асуулга хүргүүлж, хариугаа авсан гэж сонс­лоо. Ерөнхий сайдаас ямар хариу ирэв?

-Өмнөговь аймаг бол уул уурхайн бүс нутаг. Монгол Улсын эдийн засгийг авч явдаг аймаг ч гэж хэлж болно. Гэхдээ уул уурхайг дагасан ээдрээтэй асуудал олон бий. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумба орчмын уул уурхайтай холбоотой маргаан юм. Энэ маргаан олон жил үргэлжилж байна. Шүүхээр явж байсан процесс ч байдаг. Ийм маргаантай асуудал байгаа болохоор Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, энэхүү асуудлыг нэг тийш нь болгох, төрийн бодлого яаж явсан, анх энд уул уурхайн зөвшөөрлийг хэрхэн олгосон зэргийг нь тодрууллаа. Асуулгын хариу ирсэн. Би энэхүү асуулгаа УИХ-д ч тавьж болно. Эсвэл Засгийн газраас ирсэн асуулгынхаа хариуг аваад ажлаа цааш нь хийж ч болно. Ямартай ч одоогоор асуулгынхаа хариутай танилцаж байна.

-Засгийн газраас ирүүлсэн асуулгын хариу бодит байдлаас зөрсөн гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодит байдлаас өөр янз бүрийн зөрүүтэй зүйл бий. Би энэхүү асуулгыг дан ганц иргэд, хэвлэл мэдээллээс харсан өнцгөөсөө тавиагүй. Зарим нэг материалыг нягталж үзэж байсан. Жишээлбэл, салбар яамны холбогдох хүмүүсээс байнгын хорооны хуралдааны үеэр асууж лавлаж байсан. Энэ мэт ээдрээтэй асуудал гэдэг өнцгөөс нь харж асуулгаа тавьсан юм.

Асуулгын хариуд ихэнх нь ном журмынхаа дагуу явсан гэх ойлголтыг өгсөн байна.

Энэ бол төрийн байгууллагуудад очсон бичиг баримтуудыг түшиглэж, түүнд нь анализ хийж, улмаар асуулгын хариуг өгсөн гэдгийг ойлголоо. Гэхдээ төрийн байгууллагад баримт очихдоо ээдрээтэй байсан зүйл бий юм билээ.

-Жишээ нь. Та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Багийн Засаг дарга хурлаа хийхгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Хууль бусаар бичиг баримт үйлдсэн гэдэг асуудал байна. Өнгөрсөн 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол байдаг. Тэр нь “Байгалийн нөөцөд авахаар бол Засгийн газар хилийн зурвасыг тогтооно” гэдэг чиглэл юм. Уг нь тухайн үед тогтоол өргөн барьсан гишүүд 890 мянга орчим га талбайгаар саналаа өгсөн байдаг.

Харамсалтай нь, Засгийн газар 150 мянган га талбайгаар багасгасан. Үүнийг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хийсэн гэж харж болох ч аймаг, орон нутгаас ирүүлсэн материалыг судлаад үзэхээр тухайн үед ирсэн хүсэлтүүд 500, 600 хавьцаа байдаг юм. Тэр бол онож ирсэн, энэ бүс нутаг бол тусгай хамгаалалтад авах ёстой газар гэж. Хэдийгээр Засгийн газар 740 мянган га талбай гэж тогтоосон боловч санал өгснөөс өөр газрыг тусгай хамгаалалтад оруулж Тост, тосон бумбын газар орчимд уул уурхай явуулахыг зөвшөөрсөн байгаа юм.

Ирэх долоо хоногоос Засгийн газарт ахин асуулга тавихаар төлөвлөж байна. Яг тэр газрыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй. Учир нь, тэнд ховор ан амьтан их байдаг. Ийм байхад тэр газрыг тусгай хамгаалалтад авахгүй, оронд нь өөр газар авсан шалтгааныг тодруулна. Мэдээж энэ амар дуусахгүй. Үнэн бодитоор нь шийдтэл явна гэж бодож байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтаас ачаа тээвэр, зам харгуйтай холбоотой газарт шалгалт явуулна. Хууль тогтоомж зөрчсөн бол хариуцлага тооцох хүртэлх арга хэмжээ авах зөвлөмжийг хүргэж байна. Ард иргэдийн эрхийг зөрчиж байна гэх мэт олон асуудал бий. Тэнд 65 мянган иргэн амьдардаг. Нөгөөтэйгүүр 200-гаад мянган иргэний аж амьдрал яригдаж байгаа юм. Уул уурхай гэж эдийн засгаа бодож болохгүй. Тост, Тосон бумбын асуудалд төрийн зүгээс оруулж болох бүх ажлыг хийх болно.