С.Бямбацогт 2019.06.05 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.06.05) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тус Байнгын хорооны саналыг чуулганы өнгөрсөн сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ажлын хэсэг уг хуулийн төслийг 2019 оны 06 дугаар 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн байна.  

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүйгээс үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл байдал бий болж болзошгүй.

Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Үндсэн хуулийн нэмзлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.