Сумъяабазар.Д 2019.06.04 | Gogo.mn

Зүүн Цанхийн ордыг хөрөнгө оруулагчдад санал болгох шийдвэрийг УУХҮЯ гаргалаа

Зүүн Цанхийн ордыг хөрөнгө оруулагчдад санал болгох шийдвэрийг УУХҮЯ гаргалаа

ЭТТ ХК-ийн 85 хувийг төр эзэмшдэг. Үүний 15 хүртэл хувийг олон улсын хөрөнгийн биржид арилжаалах бэлтгэл ажил үргэлжилж байна. Одоогоор тус компани Монголын хөрөнгийн биржид хаалттай ХК гэсэн статусаар бүртгүүлсэн.

ЭТТ ХК Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг, нийт 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. Баруун болон Зүүн Цанхи гэж ордоо хоёр хуваан, эдгээрт өөр өөр компаниуд олборлолт явуулж байна. ЭТТ ХК-ийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид нээлттэй арилжихдаа эхний ээлжинд Зүүн Цанхийн ордыг хөрөнгө оруулагчдад санал болгох шийдвэрийг УУХҮЯ-наас гаргажээ.

Хувьцааны арилжаа эхлэхээс өмнө ЭТТ санхүүгийн, хуулийн, аудитын, үнэлгээний гэх мэт 11 зөвлөх компани сонгон шалгаруулах ёстой. Эдгээрээс 5-ыг нь сонгожээ. Энэ оны сүүл гэхэд зөвлөхийн сонгон шалгаруулалт дуусна. Тус компанийн хувьцааг олон нийтэд амжилттай арилжихын тулд ЭТТ майнинг, ЭТТ интернэйшнл гэх мэт охин компаниуд байгуулах шаардлага үүсэж болзошгүй.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хувьцааг амжилттай арилжсанаар 32 мянган ажлын байр шууд болон шууд бусаар бий болно. Бид 1.5-3.5 тэрбум ам.долларыг Хонконгийн хөрөнгийн биржээс татахаар төлөвлөн ажиллаж байна.” гэж мэдэгдсэн юм.

Ингэснээр иргэдийн цаасан дээр л эзэмшиж буй 1072 хувьцааг “амилуулах” буюу тодорхой үнээр бусдад худалдах, өвлүүлэх боломж бүрдэнэ.