Энх-Амгалан.Б 2019.06.05 | Montsame.mn

Баруун аймаг руу нисэх онгоцны тасалбарын үнийг бууруулахаар судалж байна

Баруун аймаг руу нисэх онгоцны тасалбарын үнийг бууруулахаар судалж байна

Баруун таван аймагт зорчих нисэх онгоцны тасалбарын үнийг 30-50 хувь бууруулахаар Засгийн газар, ЗТХЯ судалж эхэлжээ. Энэ талаар өнөөдөр ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.

Улаанбаатараас Увс руу нисэх тасалбар 300-650 мянга, Баян-Өлгийнх 320-725 мянга, Ховд аймгийнх 320-650 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин Говь-Алтай аймагт зорчиход 310-600 мянга, Завхан аймагт 250-600 мянган төгрөг байна.

Энэ нь баруун таван аймгаас нийслэлийг зорьж буй иргэд, тэр дундаа ахмад настан, эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнд ихээхэн дарамт болж буй юм. Тиймээс тасалбарын үнийг 30-50 хувиар бууруулах судалгааг эхлэж, өнөөдрөөс баруун таван аймагт хямдарсан үнээр туршилтын нислэг үйлдэж байгааг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр, “Тасалбарын үнийг бууруулах боломжийг судлах ажлын багаас хэд хэдэн санал боловсруулаад байна. Тухайлбал, баруун таван аймагт нислэг үйлдэж буй хувийн хэвшлийн авиа компаниудын нислэгийн давтамжийг нэмэх, эсхүл МИАТ компани түрээсийн онгоц авч, нислэгийн давтамжаа өсгөх зэрэг санал гарсан. Үүнийг судалж байгаа” хэмээв.

Мөн тэрбээр Авто тээврийн тухай хуулийн төсөлд тусгасан буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг 2021 оноос бүртгэхгүй байх заалтыг эгүүлэн татах болсныг дурдлаа.