Ё.Баатарбилэг 2019.06.06 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Дархан-Уул аймагт болсон хэлэлцүүлэгт дөрвөн аймгийн төлөөлөл оролцов

Дархан-Уул аймагт болсон хэлэлцүүлэгт дөрвөн аймгийн төлөөлөл оролцов

Сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулсан үр дүнгийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт боллоо. Хэлэлцүүлэгт тус аймгийн цэцэрлэг, сургуулиудын багш, менежер, захирал, боловсролын мэргэжилтнүүдээс гадна Орхон, Булган, Сэлэнгэ аймгаас тус бүр долоон судлагдахууны 14 багш, нийт 90 шахам хүн оролцов.

Хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж, БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир удирдлаа. 

Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд тухайлбал, бага ангиудын суралцахуйн зорилтын 35.3 хувьд өөрчлөлт, тохируулга хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр нэгж суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд ногдох цаг буюу багш нарын сурагчидтай ажиллах хугацаа бараг хичээлийн нэг цагаар нэмэгдэх юм. Мөн 1-3 дугаар ангид заах бага ангийн багшийн долоо хоногийн ачааллыг 19-өөс 17 хүртэл буулгаж чадна гэж тооцсон байна.

Хэлэлцүүлгийг Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан 9 сургагч багш хичээл, судлагдахуун тус бүрээр удирдан холбогдох мэдээллийг хийж, орон нутгийн багш нарын саналыг сонслоо.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг сайжруулах үндэсний хэлэлцүүлгийг энэ оны гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд нийслэлд 3 удаа томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг хамруулаад байгаа юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим залуу багшийн ар гэрээр орж, тэдний эрүүл мэнд, цалин хангамж, хувь хүний хөгжлийн талаар санал бодлыг нь сонслоо.