Ганбаатар.Ж Л.Элдэв-Очир 2019.06.06 | Vip76.mn

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл батлагдлаа

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ.

Тухайлбал, “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” ангилалд ес хүртэл ажилтантай, жилд 300 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг, “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай, жилд 300-500 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг хамруулж үзнэ хэмээн тодотгосон байна. Мөн “дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 51-200 хүртэл ажилтантай, 501 саяас 2.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хамруулах аж.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, жил бүрийн улсын төсвийн 10 хувийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулах талаар тусгайлсан зохицуулалт бий болгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодын худалдан авалтын 10-аас доошгүй хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах, тэдэнд давуу эрх олгох зохицуулалт тусгасан байна.

Хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,5 хувь дэмжив.