Д.Тогтохсүрэн С.Чинзориг 2019.06.06 | Vip76.mn

Цалингийн хэмжүүр итгэлцүүр тогтоох тухай хуулийн төсөл батлагдлаа

Цалингийн хэмжүүр итгэлцүүр тогтоох тухай хуулийн төсөл батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус төслийг Засгийн газраас 2019-04-09  өдөр мэдүүлсэн байсан юм. 

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан талаар танилцуулав. Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй учраас санал хураалт явуулав.

Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгожээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн сүлжээний хамгийн өндөр шатлалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нэмэгддэг байна.

Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн холбогдох заалтыг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна.

“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 53,5 хувийн саналаар батлагдав.