Л.Элдэв-Очир Ганбаатар.Ж Баттөмөр.Б 2019.06.06 | Vip76.mn

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Ганбаатар нарын нэр бүхий гишүүд 2018.10.30 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажилласан юм.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа.

Тус байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг 06 дугаар сарын 05-ны өдөр хийж, хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуусан. Тэрбээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах эсэхийг тодруулаад үүний оронд Хэрлэн голыг түшиглэн УЦС барих асуудлыг судалж үзэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хариулснаар, Хэнтийн бүс нутагт Хэрлэн голыг түшиглэн усан цахилгаан станц байгуулах боломжийг судалж үзэж байгаа бөгөөд боломжтой гэсэн дүгнэлт гарвал санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж буй аж. Харин Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах хүсэлтийг салбарын яаманд албан ёсоор ирүүлээгүй гэлээ. Эцэст нь хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.