Л.Оюун-Эрдэнэ 2019.06.06 | Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэцэд улс төртэй хутгалдаагүй, мэргэжлийн хүн очих ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаан болон өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн тул өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

"Үндсэн хуулийн цэц бол бүх хуульч, шүүхийн дээр байдаг мэргэжлийн ноён өндөрлөг юм гэж хэлэх дуртай. Тиймээс ҮХЦ-д улс төрч хүн очих ёсгүй гэсэн зарчим баримталдаг. Ямар нэг байдлаар улс төрд холилдсон хүн орж ирвэл эсэргүүцдэг. Мэргэжлийн хуульч хүн орж ирвэл дэмждэг.

Өнөөдөр ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа Г.Баясгаланг нэр дэвшүүлж байгаад баяртай байна. Өнгөрсөн 3 сарын хугацаанд Монголын төрд бэлтгэгдсэн энэ хүнтэй ажиллаж, амаргүй нөхцөл байдлуудыг давж өнгөрүүлсэн. Мэргэжлийн том гаргалгаатай, бэлтгэгдсэн хүн байна гэдгийг хараад баярласан. ЗГХЭГ хохирол амсч байна. Гэхдээ ҮХЦ чадавхжих гэдэг утгаараа УИХ-ын саналыг хүлээж авсан.

Цаашид цэцэд холбоотой зүйл дээр шинэчлэл гаргах ёстой. Үүнийг анхаараарай. Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс төрийн гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Цэцэд улс төрийн хүн очих ёсгүй. Мэргэжлийн шат дамжлаг дамжсан хүн очих ёстой гэж үзэж байна. Танд амжилт хүсье.

Д.Эрдэнэбат гишүүн Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой цэцийн асуудал ярьж байна. Хүний нүдрүү хараад улайхгүй худлаа ярьдаг хүмүүс улс төрөөс хурдан зайлаасаа гэж бодох юм. Үнэндээ Алтанхуягийг хөөгөөд Хүдэрбаатар нэр дэвших болоод хоорондоо аймгийн намын хорооноосоо булаацалдаад Гарамгайбаатар бие даан нэр дэвших болчихоод Ардчилсан намынхан хүнд байдалд орсон. үүнийгээ бусадруу нялзаах гэж улс төр хийж болохгүй. Д.Эрдэнэбат дарга та шударга ёс гэж ярьж байгаа бол та УИХ-ын гишүүнээсээ татгалзаад улс төрийн схемээ шалгуулчих аа. Тэгвэл шударга болно. Энд орж ирээд олон гоё зүйл ярьж, цаагуураа ашиг сонирхлын зөрчилд орчихсон ийм хүмүүс Монголын улс төрд орж ирэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Г.Баясгалан даргад цаашдын ажилд амжилт хүсье. Тантай хамтран ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Баярлалаа."