Оюун-Эрдэнэ.Л 2019.06.06 | Vip76.mn

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой Монгол, ОХУ-ын хэлэлцээрийг хүчингүй болгоно

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой Монгол, ОХУ-ын хэлэлцээрийг хүчингүй болгоно

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн" ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” XXК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Засгийн газраас "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах болсон.

Улмаар ‘Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет"-ийг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-аас соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дурдлаа.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа.

Хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Мөн Хэлэлцээр соёрхон батлах тухай, Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр чуулган завсарлав.