Бат-Эрдэнэ.Б 2019.06.06 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Г.Баясгалангаас бусад хуульчид үлгэр жишээ авах ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаан болон өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн тул өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Үндсэн хуулийн цэц захиалгатай шийдвэр гаргадаг болсон гэж өнөөдөр ярьж байна. Үүнийг хэн хийсэн юм бэ? энд байгаа улс төрчид, ялангуяа эрх барьж байгаа намуудын толгойд суугаа цөөхөн хэдэн хүний хийсэн ажил. Энд өөрийн нөлөөний хүмүүсийг томилдог. Сүүлийн үеийн томилгоонууд хуулийн салбарын өндөр мэргэжлийн хүн гэхээсээ илүү янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг Үндсэн хуулийн цэцэд томилдог болсон. 

Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл алдарч байгаа гэж ярьж байгаатай санал нэг байна. Үүнийг хэн хийв гэдэгт дүгнэлт хийх ёстой. Г.Баясгалан шиг мэргэшсэн, ёс зүйн шаардлага хангах хүмүүсийг ҮХЦ-д томилбол ҮХЦ гэх байгууллага, тэнд ажиллаж байгаа хүмүүсээс бусад хуульчид үлгэр жишээ авах ёстой.

УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг ярих гэж байна. Тиймээс ҮХЦ энэ асуудалд анхааралтай, хариуцлагатай хандах ёстой гэж үзэж байна.

УИХ-ын танхимд Засгийн газрын сайд маш ноцтой мэдэгдэл хийж байна. Үнэхээр ийм өөрчлөлт орох гэж байгаа юм уу үгүй юм уу? Бид юу ойлгож байна гэхээр өмнө нь улс төрчдийн оруулсан дордуулсан 7 өөрчлөлт гэж ярьдаг. тэр өөрчлөлтийг эргэн сэргээх юм байна. УИХ илүү хариуцлагатай болгох юм байна. Парламентын засаглалаа сайжруулах, улам хөгжүүлэх заалтууд орсон гэж ойлгож байгаа."