Оюун-Эрдэнэ.Л 2019.06.06 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Монголросцветмет” ХХК-ийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болгоно

“Монголросцветмет” ХХК-ийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Уг хуулийн төсөл нь “Монголросцветмет” ХХК-ийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцож, улмаар уг аж ахуйн нэгжийг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд болгож ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Учир нь Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс шилжсэн тул Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан “Хэлэлцээр соёрхон батлах тухай” 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай болсон байна.

Хуулийн төсөл батлагдсанаар "Монголросцветмет" ХХК нь хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Улмаар “Монголросцветмет ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталсан “Протокол соёрхон батлах тухай" 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг хүчингүй болгохоор өргөн мэдүүлсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.