Б.Бат-Эрдэнэ 2019.06.06 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Газар нутгийнхаа бүсчилсэн онцлогт тохируулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулах ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Ганбаатар нарын нэр бүхий гишүүд 2018.10.30 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр холбогдсон зөвшөөрөл хэл ам их дагуулдаг. Жишээлбэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Хэрлэнгийн гүүрний дээд талд нарны цахилгаан станц баригдах гэж байна гэж орон нутгийн иргэд надруу хандаж байгаа. Үүнийг барихад тодорхой хэмжээний талбай шаардлагатай. Заавал хангайн бүсэд нарны станц байгуулах шаардлага байна уу? Говийн бүсэд байгуулах нь үр дүнтэй гэж санах юм. Бодлого хэрхэн явагдаж байгааг мэдэхгүй байна.

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг дэмжиж байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бид сэргээгдэх эрчим хүчнийхээ нөөцийг ашиглан экспортлох боломж ч бий. Энэ талаар төрөөс баримталж байгаа бодлого ямар байна вэ?"

Түүний асуултанд Эрчим хчүний сайд Ц.Даваасүрэн хариуллаа.