А.Сүхбат 2019.06.07 | Өглөөний сонин

А.Сүхбат: Бургас хядаж байгаа хүмүүст байгаль дэлхий сануулга өгнө

А.Сүхбат: Бургас хядаж байгаа хүмүүст байгаль дэлхий сануулга өгнө

Байгаль эх унаган төрхөө алдаж, Улаанбаатар хотын  ундны усны эх үүсвэр болсон Туул гол мөхлийн ирмэгт ирээд байгааг бүгд мэдэж байгаа. Эрх мэдэлтэй, мөнгөтэй бүхэн Туул голын эргийн бургасыг хядаж байшин барилга барихаас эхлээд үйлдвэр карьер ажиллуулах гээд олон сөрөг зүйл бий. Тиймээс Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Сүхбаттай ярилцлаа.


-Та Туул голын асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Туул голыг тусгай хамгаалалтад авахыг шаарддаг. Туул гол маань өнөөдөр ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Маш муу. Улаанбаатар хотын 380 жилийн ой тохиож байна. 380 жил Алтан-Өлгий, Хүн чулууны хонхорыг муутгасан гэсэн үг. Яаж муутгасан гэвэл ус голоо бохирдуулж хогоо хийж байна. Нүхэн жорлон, муу усны нүхийг Туулынхаа эргэн тойронд хэдэн мянгаар нь ухлаа. Хүнээ оршуулж байна. Амар болоочдоо хайрцагт хийгээд л тавьдаг. Тэр нь задралд орж бороо хураар угаагдаад өнгөний усандаа шингэж байна.

Өнгөний уснаас дамжаад гүний усанд нөлөөлнө. Тиймээс би Туул голын нөхцөл байдал маш муу байна гэж байгаа юм. Маш муу байлаа гээд Туулаа тавиад туултай биш. Аврах, хамгаалах, үүнтэй холбоотой хүн ард, мал сүргээ эрүүлжүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Амьдрал тэмцэл гэдэг утгаараа үүний төлөө л ажиллаж байна. Бид байгаль орчноо хамгаалж хайрлах учиртай. Уг нь Туул сайхан цэнгэг устай гол. Бага Хэнтийн нурууны ар, өврөөс эх авсан Нэргүй, Номин голын бэлчир, Хагийн хар нуураас эх авдаг. Төв аймгийн Эрдэнэ сум, Нийслэлийн Налайх дүүрэг, Гачуурт тосгоноор дамжин нийслэл дундуур урсдаг. Нийтдээ 717 километр урсаад Орхон голд нийлдэг.  Харамсалтай нь энэ хооронд бид Туул голыг үнэхээр там болгож чадсан. 

-Улаанбаатар хот орчим ялангуяа Төв цэвэрлэх бай­гууламжийн хаягдлаас Туул их бохирддог юм билээ. Энэ бохирдол хаа хүртэл үргэжилдэг юм бол?

-Улаанбаатар хот 1974 онд Төв цэвэрлэх байгууламжийг хуучнаар Зөвлөлт холбоот улс биологийн цэвэрлэгээ хийх зориулалтаар барьж өгсөн. Гэтэл сүүлийн үед олон угаалгын нунтаг, хир тос арилгагч шингэн, машины тос масло, арьс ширний үйлдвэрүүдээс ялгарч байгаа зургаан валенттай хромноос эхлээд бүгд Төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа. Уг нь арьс ширний 26 үйлдвэр маань хоёр валенттай хромын уусмал хэрэглэх учиртай. Цэвэрлэх байгууламж энэ бүхнийг цэвэрлэх ямар ч боломжгүй. Үүнийг ялгаж авах зориулалттай байгууламж бол “Харгиа” цэвэрлэх. Энд химийн янз бүрийн хорт бодисыг ялгаж авдаг тоног төхөөрөмж нь суурилагдсан ч ажилладаггүй. Ус суваг, Төв цэвэрлэх байгууламж бүхэл хогийг нь авчихаад бусдыг нь Туул голд шууд нийлүүлж байна. Цэвэрлэхээс цаашаагаа Туул голын бохирдол, өмхий утгаа алдсан. Туул голын ёроол яг цемент шиг саарал лаг тунасан байгаа. Амьд амьтан байх нь битгий хэл хажууд нь зогсоход ч хэцүү. Биокомбинат, Сонгино, Шувуун фабрикийн болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар сумын ард иргэд маш хүнд хордлоготой нөхцөлд амьдарч байгаа. Хүн, малын бие өвчлөмтгий болсон. Малын элэг өтөж байна. Үндсэндээ Туул голд ураны хаягдал хаячихсан юм шиг хорлон сүйтгэл болчихсон. Энэ бүхэнтэй би гишүүн болсон цагаасаа эхлээд тэмцэж ирлээ. Ц.Нямдорж сайд “Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн аллагыг л ярьдаг, өөр зүйл ярьдаггүй” гэдэг шиг би Байгаль орчины доройтол, Туул голоо ярьсаар л өнөөдрийг хүрлээ. Уух ус байхгүй бол ирээдүй байхгүй шүү дээ. Нийслэл хот бол усгүй бол зүгээр балгас болно.

-Улаанбаатар хотын ундны усны хангамжийн нөхцөл ямар байгаа вэ?

-Улаанбаатар хот болон түүнээс дээшээ Горхи Тэрэлж рүү олон зуун худаг байрладаг. Унд усны төлөвлөгөө хангалтыг ЗХУ-аас бүгдийг нь шийдээд өгчихсөн юм билээ. Хэдэн онд аль хэсгийн усаа ашиглахыг хүртэл заагаад өгчихсөн. Тэрэлжийн эхэнд хөв цөөрөм бүхий усан цогцолбор байгуулах зураг төслийг нь хийгээд өгсөн. Гэтэл бид тэр төлөвлөгөөгөөр ажиллаж чадаагүй. Мөн саяхан АНУ-ын Мянганы сорилын сантай “Компакт 2” гэдэг гэрээ батлагдсан. Гэрээ ёсоор АНУ-аас 350 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хотоос доош 50 гүний худаг гаргаж Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулна. Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Туул голын бохирдол ихтэй газраас гүний худаг барьж ашиглана гэж байгаа. Ус нөхөн төлжихдөө муу. Улаанбаатар хотын ундны эх үүсвэр бороо хур элбэгтэй жил 10 гаруй хувиар төлждөг. Хэрэв Туул гол тасрах юм уу, гантай жилд нөхөгдөхгүй гэсэн үг. Зарим худгаас ус гарахаа больсон. Энэ нь нөөц ус дуусч байна гэсэн үг. Харамсалтай нь Улаанбаатарын ойр хавьд усны өөр эх үүсвэр харагдахгүй байгаа.

-Бидэнд хэр хугацаа үлдсэн бэ?

-Тун бага хугацаа үлдсэн. Усгүй болох аюул ойрхон байна.

-Байдал хүнд байна. Одоо бид яах вэ. Туул голыг хамгаалах хууль батлах учиртай юу?

-Хууль гаргаад тусгай хам­гаалалтад авч болно. Монгол Улсад юу л байна, хууль байна. Хамгийн гол нь ард иргэдийн ухамсар, сэтгэлгээнд өөрчлөлт хийх хэрэгтэй. Би л болж байвал байгаль орчин хохирох нь хамаагүй гэж хандаж байна. Монголчууд бид нэг л эх оронтой гэдгээ ойлгодоггүй.

-Туулын эрэгт газар олголт, бүтээн байгуулалт ихээр өрнөж, байгаль орчныг сүйтгэж байна. Тухайлбал, “Зүүнбаян Рефайнери” компани Туулын бургасыг хядаж, байгаль орчинд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа. Ийм зөрчлүүдийг хэрхэх вэ?

-Туул голын урд хэсгийг Байгаль орчны яам, хойд хэсгийг нь Улаанбаатар хотын удирдлагууд идсээр, хядсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Бургас бол усыг татдаг ургамал. Зайлшгүй голын эрэгт байх ёстой. Голын голдирлыг өөрчилж байна. Хориотой бүсэд барилга барьж байна. Энэ бүхэн сөрөг нөлөөтэй. 1966 оны үер Энхтайваны гүүрний урд талын барилгуудын хоёр давхарт гарч байсан гэдэг. Хэрэв тийм үер болох юм бол гол дагаж буусан улсууд байхгүй болно. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бид тооцоолж чадахгүй. Туулын бургасыг хядаж барилга барина гэдэг асар аймшигтай үйлдэл. Туулын бургасыг хядаж барилга барьж байгаа хүмүүс хуульд захирагдахгүй байлаа ч байгаль дэлхий сануулга өгнө.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалыг Туул голын эргээс ихээр олборлодог. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?

-Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж хаана ч байхгүй. Ийм нэр томьёо Монголд л бий. Барилгын материалыг баяжуулж, зарим элементийг нь өсгөж, заримыг нь бууруулж байж стандартад нийцсэн түүхий эд болгодог. Түүнээс биш говийн элсийг түгээмэл тархацтай гээд барилга барьж болохгүй. Говийн элс говьдоо л хэрэгтэй. Говийнхон Улаанбаатар хотоос элсээ авдаг шүү дээ. Голын хайрга голдоо л хэрэгтэй. Голын усны төвшинг барьж байдаг байгалийн чулуулаг. Голын хайргыг монголчууд эм чулуу гэдэг. Голын хайрганы хатуулаг 450 марктай. Зам, барилгын ажилд 1200-аас дээш маркын хатуулагатай дайргыг хэрэглэх ёстой. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь кварцийн элсэнд агуулагдах тоос тоосонцор 0.1 хувь байдаг. Үүнийг угааж баяжуулж гаргаж авна. Бетон бол байгалийн чулууг дуурайлгаж хийсэн зүйл. Хатуулаг стандартаараа хийвэл 500-600 жилийн насжилттай байдаг. Бетоны 60 хувьд кварцийн элс орно. Кварцийн элс нь Сэлэнгийн Хонгор сум, Төв аймгийн Батсүмбэр, Сүхбаатар аймгийн Алтан элсэнд л байдаг. Төмөр, цементтэй бүрэн уялдаж өндөр маркийн бетон гаргадаг гэсэн үг. Гэтэл манай Туул голын хайрга 10-30 хувийн шороо, тоостой, органик бохирдолтой. Кали, кальц, натри агуулагддаг. Эдгээр нь бетон хийцээ иддэг. Бидний ирээдүйгээ булшлаад байгаа тэнэглэл энэ. Орчин цагийн амьдрал бетон хийцэн дээр тогтдог болсон. 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно. Харин барьсан компани ашгаа олоод арилаад өгнө.

Манай хуулиар торгоод л өнгөрнө. Гэтэл бусад оронд давхар болгон дээр нь мэргэжлийн лаборатори шалгадаг хянадаг. Хууль зөрчвөл 20-25 жилийн ялтай, бүх өмч хөрөнгөө хураалгадаг. Өнөөдөр Улаанбаатар хотод 300 гаруй барилгад цууралт үүсчихээд байна. Барилгын ан цав бол аюул. Зургаан баллын газар хөдлөлтийг даах байшин Улаанбаатарт цөөн. Туул голын хайрга ашигласны тод жишээ гэсэн үг. Тэгэхээр голын хайргыг юунд ч хэрэглэж болохгүй. Би энэ асуудлаар Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлд удаа дараа хандаад байгаа. Мөн Барилга байгууламжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл бэлтгэж байна. Барилга барина гэдэг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой хариуцлагатай ажил. Зөвхөн зоосны нүхээр харж болохгүй.

-Туул голын эрэг дагуух алт олборлолт, нөхөн сэргээлтийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар сумдад байдал үнэхээр хүнд байна. Улаанбаатар хотын өмхий ялгадас эдгээр сумдад очдог. Гол нь өмхийрчихсөн, намаг нь өтчихсөн байгаа. Заамар орчимд Туул гол гэж байхгүй болсон. Голдирлыг нь өөрчлөөд хөрсийг нь улаанаар нь эргүүлчихсэн байдалтай байна. Ийм л байдлаар бид Туулдаа дайсан мэт хандаж байна. Гэхдээ үүнийг өөрчлөхийн төлөө би насаа элтэл явна.

-Эх орныхоо унаган байгалийг хайрладаг олон иргэн танд санал ирүүлдэг байх. Харин УИХ болон гишүүдийн зүгээс таныг хэр дэмждэг вэ?

-УИХ-ын олон гишүүн дэмжиж байгаа. Туул голоос Монголын хүн амын 50 хувь нь ундаалдаг. Таван аймгийн 37 сумын нутгаар урсдаг болохоор хэдэн сая мал усална. Өнөөдөр цусны хорт хавдар найм дахин ихэссэн. Хүүхдийн ходоодны хорт хавдар гэж айхтар өвчин гарах боллоо. Энэ бүхэн байгаль орчинтойгоо хэрцгий харьцсаны төлөөс. Бид чинь сав шимийн ертөнцтэйгөө шүтэлцээтэй амьдрах ёстой. Ирээдүйд ус алттай адилхан үнэлэгдэнэ. Цэвэр усны төлөө дайтах цаг ч ирэхийг үгүйсгэхгүй.

-Та Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Газрын доорх усыг ашиглах, хамгаалах  харилцааг зохицуулах чиглэлээр юу хийх шаардлагатай вэ?

-Л.Энхболд нарын гишүүдийн хамтаар газрын доорх цэнгэг усаа хамгаалахыг зорьж байна. Одоогоор ажлын хэсэг байгуулаад явж байгаа. Хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Цэнгэг усаа үр хүүхдэдээ үлдээе гэж ийм хууль санаачилсан.

-УИХ-аас Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тогтоол гаргалаа. Нэмж улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар нутгуудын талаар судалж үзэв үү?

-Шаардлагатай. Олон сумаас санал ирж байна. Тусгай хамгаалалтад авна гэдэг нь хариуцлагагүй уул уурхайгаас хамгаалж байгаа нэг хэлбэр. Сая есөн аймгийн 29 сумын 3.4 сая га 22  нэр бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа. Шилийн Богд, Талын агуйгаа хамгаалж чадлаа. Би тэр сайхан нутгаас газрын тос битгий гараасай л гэж боддог. Өвөг дээдсээс халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, өвлүүлж үлдээсэн газар нутгаа хамгаалах нь бидний үүрэг. Өнөөдөр газар хөдлөх шиг нүүдэллэдэг зээрийн сүрэг байхгүй болсон. Хэдэн талаас нь машины замаар шахаад бэлчээргүй болгочихсон. Уг нь тал дүүрэн зээрийн сүргээ үзүүлэх аялал жуулчлалыг хөгжүүлж мөнгө олох боломжтой. Газраа ухсанаас илүү ашидын орлого болох юм шүү дээ.

-Олны анхаарлын төвд байдаг Ноён уул, Тост, Тосон бумбын нурууны асуудалд та хэрхэн хандаж байгаа вэ?

-Анхааралгүй яахав. Ер нь аливаа газрыг улсын тусгай хамгаалалтад авахын зэрэгцээ нутгийн зон олны саналыг авах нь чухал. Бид газар нутаг бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн хуультай. Гэтэл нутгийн уугуул иргэд газраа ухуулахгүй гээд байхад дайрч ухаж довтлоод байх юм бол ард түмэн, уул уурхайн компанийн хооронд дажин болно. Тиймээс нутгийн иргэдийг хүндэтгэж үзэх шаардлагатай. Үнэнийг хэлэхэд би Төв аймгийн баруун талын сумдад нэг ч уул уурхайн ажил явуулахгүй байх юм сан гэсэн үзэл баримтлалтай хүн.

-Та мөн аюултай хортой хог хаягдалд анхаарал хандуулж ажилладаг. Аюултай хог хаягдлыг хэрхэн шийдэх учиртай вэ?

-Бид болгоомжгүй, хэнэггүйгээсээ болоод л хордоод байна. Зурагтын удирдлагынхаа батарейг зажлаад л буцаагаад хийдэг. Тэнд маш их хор бий. Нэг хуруу батарей 8000 летр усыг бүрэн хордуулдаг. Тийм зүйл агуулагдсан тоглоомыг бид хүүхдүүддээ авч өгч байна. Гэтэл зарим оронд хүүхдэд батарейтай тоглоом хэрэглүүлж болохгүй гэсэн үзэл баримтлал дэлгэрч байна. Батарейн хор уршиг насан туршид нь илэрнэ. Ер нь бид улс даяараа хордож байгаа. Хогоо хаядаг, овоолдог, булшилдаг. Дугуй, Аккумулятор, батарей, эмнэлгийн хог хаягдал гээд дандаа аюултай хог хаягдлыг булшилдаг. Энэ нь ирээдүйгээ булшилж байна гэсэн үг. Техник технологи хөгжсөн улс оронд хог үйлдвэрлэлийн түүхий эд болдог. Энэ асуудлаар би Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Аюултай хог хаягдлыг шийдэх боломжтой. Стандарт шаардлагад нийцсэн улсын үйлдвэр байгуулах замаар шийдэж болно. Ийм зүйлсэд санаагаа чилээж, зүтгэж явна даа. Мэдээж эх орон ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн УИХ-ын гишүүний үүргийнхээ дагуу ажиллаж байна.

-Уул уурхай, байгалийн бая­лагтай холбоотой холбоотой Зас­гийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх асуудалд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнд та хэрхэн хандаж байгаа вэ?

-Аливаа зүйлийг хоёр талтай бодох ёстой. Ажил урагшлуулахгүй хориг тавилаа гэж үзэх нэг хэсэг бий. Гэтэл наад бодлогоо дахиад хянаад үзээч гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, улсын эцэг хүн сануулаад байна. Тиймээс аливаа бодлогыг гаргахын тулд сайтар нягтлах хэрэгтэй. Ард түмний бодол сэтгэлийг судалж байж хууль гаргах нь чухал. Тэгэхгүй бол хууль гууль болох нь их байна. Хэрэгжихгүй хууль батлаад яах юм бэ. Чамбай хууль гаргах нь бид бүхний ажлын чанар юм.

-УИХ дахь МАН-ын бүлгээс 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах чиглэлтэй байгааг мэдэгдсэн. Сонгуулийн тойргийн асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн тойргийн асуудлыг би анхаарах завгүй л байна. Яадаг ч байсан урдаа тавьсан зорилтоо нугалж авъя гэж бодож явна. Бидний сонгох, сонгогдохыг ард түмэн шийднэ шүү дээ. Түүнээс биш дахиад сонгогдоно, дахиад миний нэрийг дэвшүүл гээд шаардаад байгаа зүйл байхгүй. Би Монгол Улсын дархан аварга, спортын гавьяат тамирчин. Ард түмнээсээ авсан сайхан цол хэргэмийг эзэмшиж явдгийн хувьд би ард түмэндээ өртэй. Тэр үүргээрээ л ажиллаж явна.

-Та УИХ-ын гишүүн болоод хийхээр төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг амжуулаад байна вэ?

-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах талаар олон удаагийн санал санаачлага гаргаж  ҮАБЗ, УИХ, ЗГ-т асуудлыг тавьсаар байгаад шийдүүлсэн. Туул голоо ариун дагшин байлгах гэж зүтгэж явна. Газрын тухай хууль, Усны тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна. Ингээд бодохоор чамлахааргүй ажил амжуулжээ. Гэхдээ нөгөө бодлын өөрийгөө чамлаж байна. Илүү эрчимтэй сайн ажиллах ёстой юм байна. Илүү суралцах хэрэгтэй юм байна гэж бодогдох болсон.