Ч.Улаан: Ирэх жил махны үнэ өсөхгүй гэж баттай хэлж чадна
2019.06.07

Ч.Улаан: Ирэх жил махны үнэ өсөхгүй гэж баттай хэлж чадна

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БХНАУ-д айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын үеар хонь, ямааг амьдаар нь экспортлох асуудлаар зөвшилцөөд ирсэн гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас тодруулаа.

-Хятад руу хонь, ямааг амьдаар нь гаргах асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Таныг Хятад улсад хийсэн айлчлалаараа энэ асуудлыг шийдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Жилд хэдий хэмжээний хонь, ямаа амьдаар нь гаргах вэ?

-Энэ одоо яригдаж байгаа асуудал биш. 2017 оноос эхлээд шийдвэр гараад, хоёр улс хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд тохирсон асуудал. Гэхдээ саяын айлчлалаар энэ асуудлыг яриагүй.

Ер нь хонь, ямаа амьдраар нь гаргах талаар шийдэх ёстой асуудлууд бий. Хоёр жилийн өмнөөс эхэлж яриад, бэлтгэлийг нь хангаад, бүтээн байгуулалтыг нь хийгээд төсөл нь сүүлийнхээ шат руу орж байна. Одоо мал эмнэлэг хорио цээрийн тохиролцоог нь хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд  нь ажиллаж байна.

-Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байгаа гэж байна. Хэзээнээс эхлээд гаргаад эхлэх вэ. Жилд хэдий хэмжээний хонь, ямаа амьдаар нь гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар үүнийгээ тохироогүй байна. Засгийн газрын хуралдаанаар экспортод гаргах малыг амьдаар нь болон махан бүтээгдэхүүнээр нь гаргахдаа квоттой болох шийдвэр гаргасан. Жил жилдээ хэдий хэмжээний мах гаргаж болох вэ гэдгийг тогтооно гэсэн үг.

Малын тоо толгой, дотоодын зах зээлийн хангамж нийлүүлэлттэй уялдуулаад жил бүхэн хэмжээг нь тогтоож өгч байна гэсэн үг. Манай улс 80 гаруй сая малтай болчихоод байна. Үүнээс жилд 20-иод сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Дотоодын хэрэгцээнд 10-аад сая мал хэрэглэнэ. Цаана үлдэж байгаа 10-аад сая малыг яах вэ гэдэг асуудал байгаа. Үүний нэг хэсгийг бүтээгдэхүүн болгон гаргана. Мөн тодорхой хэмжээний малыг амьдаар нь гаргах хэрэгцээ шаардлага байгаа.

-Малаа яаж авах вэ. Хятадын талаас манай улсын шүлхийгүй бүсээс ч авна ч гэдэг  шаардлага тавьдаг шүү дээ?

-Мал хөлөөр нь гаргах цогцолбор тэндээ малыг аваад тодорхой хугацаанд эрүүлжүүлээд тэнд нь тэжээгээд тодорхой хугацааны дараа малаа борлуулах тохиролцоотой юм билээ. Энэ жил сард 10 мянган толгой мал гаргах гэж байна гэж сонин хэвлэл дээр гарсан байна лээ. Энэ жил дундаа орчихлоо. Зургаан сар үлдсэн. Энэ зургаан сард 10 мянган мал гаргахад 60 мянган мал. Гэтэл бид 5,6 сая мал борлуулах шаардлагатай байна. Тиймээс аль аль талын тооцоо судалгааг харж байж үүнийгээ хийх нь зүйтэй.

-Засгийн газрын хуралдаанаар махны экспортод квот тогтоох шийдвэр гаргасан. Малыг амьдаар нь гаргахаар энэ шийдвэртэй уялдахгүй байгаа юм биш үү?

-Дотоодын зах зээлийн хэрэгцээг оновчтой зохион байгуулж чадвал ямар ч асуудалгүй. Тиймээс энэ жил 60 мянган мал гаргахад ямар ч асуудал гарахгүй гэж бодож байна. Сая бол улирлын тодорхой саатал нөлөөлсөн. Нөгөө талаас нөөцөлсөн махны хэмжээ бага байсан. Ингээд үйлдвэрүүд зах зээл дээрээс мах бэлдсэн учраас үнийн савалгаа боллоо.

-Сайдаа ирэх жил махны үнэ өсөхгүй гэсэн баталгааг та өгч чадах уу?

-Чи надаас тийм амлалт авч яах гэж байгаа юм.

-Та "нөөцийн махыг бага бэлдсэн учраас махны үнэ өссөн. Тиймээс махны нөөцийг хангалттай бэлтгэнэ" гэж байсан шүү дээ. Тэгэхээр ирэх жил махны үнэ өсөхгүй байж чадах уу?

-Ирэх жилийн махны нөөцийг энэ жилийнхээс 3-4 дахь их бэлтгэнэ. Махны үнэ өсөхгүй, үнийн савлагаа гарахгүй. Үүний төлөө л би энд ажиллаж байгаа. Мах, гурил, төмс, хүнсний ногооны хангамжийг тогтвортой байлгана. Үнийн савалгаа гаргахгүй. Тиймээс би тариалалтаас эхлээд л гүйгээд байна.

-Танай Засгийн газрын нэг 10 сая ам.долларын авилгын хэрэгт холбогдсон гэсэн мэдээллэл нэлээд газар авсан. Үүнийг шалгах үүргийг Ерөнхий сайд өгсөн гэсэн. Энэ талаар ер нь Засаг дээр ярьсан уу?

-Мэдэхгүй намайг байхад л ийм асуулал яриагүй. Эзэнтэй юм бол Хууль зүйн сайдаас очоод "танд ийм үүрэг өгсөн үү" гэж очоод асуу.

-Таныг Засгийн газрын гишүүний хувьд асууж байгаа юм л даа?

-Тийм асуудал яриагүй.

Сэтгүүлч Л.Одончимэг