2019.06.07

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиад тав дахь жилдээ зохиогдлоо

“Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиад маань тав дахь жилдээ зохион байгуулагдлаа. 

Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн төгсөх ангийн 350 орчим сурагчид оролцсон юм. Шалгаруулалтыг Монголын анхны гадаад хэлний сургалтын төвүүдийн нэг болох “Сантис” боловсролын төвийн англи хэлний мэргэжлийн багш нар нийтдээ дөрвөн үе шаттайгаар явуулсан юм.

Ингээд нэгдүгээр байрт 67 дугаар дунд сургуулийн сурагч М.Чинхүсэл, удаах байрт 104-р дунд сургуулийн сурагч Э.Билгүүн, гуравдугаар байрт 74 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Болортуяа нар шалгарч тэтгэлгээр Сингапур улсад англи хэлний мэдлэгээ ахиулах зуны сургалтад хамрагдахаар боллоо.

Харин 4-10 байрт шалгарсан хүүхдүүд “Сантис” боловсролын төвд мөн 100 хувийн тэтгэлгээр сургахаар дэмжлээ.

Энэ жилийн “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадын II шатанд шалгарсан 100 хүүхдээс АНУ-аас битүүмжлэлтэй ирүүлсэн TOEFL junior-ын олон улсын битүүмжлэлтэй тестээр шалгалт авсан юм. Тестийн шалгалтаас шалгарсан эхний 20 хүүхдэд 2 жилийн хугацаатай олон улсын TOEFL junior-ын онооны сертификат олголоо.

Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиад дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг “Англи хэл” сурах, ЭЕШ-ыг амжилттай өгөх үйл явцыг дэмжих, амжилттай суралцагсдыг урамшуулах, сурталчлах, цаашид гүнзгийрүүлэн суралцуулах зорилготой билээ.

Дэлхийд өрсөлдөх Монгол хүний салшгүй нэгэн үзүүлэлт бол гадаад хэлийг төгс сайн сурсан байх явдал юм. Хэрвээ чи сайн ажил хийж тэр хэрээрээ үнэлүүлж тав тухтай сайхан амьдрах мөрөөдөлтэй бол, дэлхийн хүн байхыг хүсдэг л бол гадаад хэлийг төгс эзэмших зайлшгүй шаардлагатай. Иймээс Сонгинохайрхан дүүргийн залуус “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” төслөөс авсан мэдлэгээ суурь болгон илүү их хичээн суралцах учиртайг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахын ёсоор захисан байна.