Бямбацогт.С Н.Амарзаяа 2019.06.07 | Vip76.mn

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулга хийлээ.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан байна.   

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүйгээс үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл үүсэж болзошгүй юм.

Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс нэр бүхий гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг чуулган, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжээд байгаа билээ.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 68,3 хувийн саналаар хууль батлагдлаа.